Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хамтран уриалга гаргажээ.
Тус уриалгад "Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.
Сонгуулийн үед иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах эрх, ашиг сонирхолд үйлчлэхэд сэтгүүлчид онцгой үүрэг хүлээдэг. Сонгогчид олон ургальч, зохистой, хангалттай хүртээмжтэй, үнэн зөв мэдээлэлтэй байх нь тухайн сонгууль чөлөөтэй, ил тод, шударга явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын хэмжээнд үйл ажиллагааны статус, төрлөөсөө үл хамааран сэтгүүлч нь хүний эрхийг хамгаалагч гэж үздэг бөгөөд гагцхүү хүний эрх хамгаалагчийн үүргээ биелүүлэхдээ хүчирхийллийн бус, тайван замаар хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах ёстой.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн үнэн бодитой, баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан, тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр иргэдийн мэдэх эрхийг хангаж, үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан, өдөөн турхирсан өнгө аястай болон худал, ташаа, хуурамч мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, нэр дэвшигчдийн хувийн амьдралыг хүндэтгэж, тэдний хувийн нууц, нэр төр, алдар хүндэд халдахгүй байхад анхаарах хэрэгтэй.
Иргэний мэдэх эрхийг хангахын тулд иргэдийн оролцоотойгоор ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхийн төлөө Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэнд уриалж байна" гэжээ.