Хойд Солонгосын цэргүүд хоёр дахь удаагаа Өмнөд Солонгосын хилийн шугамыг давжээ

Хойд Солонгосын цэргүүд хоёр дахь удаагаа Өмнөд Солонгосын хилийн шугамыг давжээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын өмнөхөн Умард Солонгосын цэргүүд хилийн шугамыг давж, Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээжээ. Анхааруулга өгсний дараа цэргүүд хилийн шугамын нөгөө талд буцаж гарсан бөгөөд Өмнөд Солонгосын албаныхан үүнийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэжээ.

Мөн энэ сарын 9-нд хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлээд байсан юм. Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давах үед нь Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж дараа нь агаарт хий буудсан байна. Үүний дараа Умардын цэргүүд буцаж хилийн шугамын нөгөө талд гарсан бөгөөд дахин өдөөн хатгасан ямар нэг үйлдэл гаргаагүй гэнэ.

Хоёр Солонгосын сөргөлдөөн сүүлийн үед ширүүссэн байдалтай байна. Учир нь Хойд Солонгос Өмнөд Солонгос руу хог, ялгадас бүхий 1000 гаруй бөмбөлөгийг явуулсаар байгаа бөгөөд Өмнөд Солонгос чанга яригчаар иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм. Хойд Солонгос дээрх үйлдэлээ Өмнөд Солонгосоос ирсэн суртал ухуулгын хариу хэмээн тайлбарлаж байгаа. Мөн үүний хариуд Өмнөд Солонгос 2018 онд хоёр улсын батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээгээ цуцалж, хил дагуу суртал нэвтрүүлгийн чанга яригч ажиллуулах арга хэмжээг сэргээгээд байна.