“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр боллоо

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Ойн хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болов.

Энэхүү албан ёсны гэрээнд “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.

Чингис хаан Үндэсний музейгээс 2023 онд Францын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнг таван сарын хугацаанд 250 мянга гаруй хүн үзэж, Монголын түүх, соёлын дурсгалтай танилцжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг Монголд буцаан авчирсан бөгөөд 2025 оноос Чехийн Үндэсний музей, аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын “Ритберг” музейд дэлгэсний дараа Канад, АНУ-д гаргана.

Чехийн Үндэсний музейд Монголын холбогдолтой 2500 гаруй үзмэр байдгаас 50 хувь нь шашин шүтлэг, үлдсэн нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой аж. Эдгээр дурсгалыг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна. Эл үзэсгэлэн таван сарын турш олны хүртээл болно.