Сонгуулийн өдөр "УБЦТС" компанийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллана

Сонгуулийн өдөр "УБЦТС" компанийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллана

Ирэх баасан гарагт нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд 6,000 шахам төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд хоёр мянгаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээллээ.

Үерийн эрсдэл, галын аюулаас сэрэмжилж, зохих бэлтгэлийг хангаж ажиллах зааварчилгааг Нийслэлийн онцгой байдлын газраас өгч, шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжийг бэлтгэхийг анхааруулжээ. Түүнчлэн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК"-ийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллах бөгөөд зарим санал авах байранд нөөц эх үүсвэрийг бэлтгэх шаардлагатай байгааг нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдааны үеэр хэлэв.

Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцжээ.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо