Ким Жон Ун "Украйны эсрэг хийж буй дайнд бүх талаараа туслалцаа үзүүлнэ" гэж мэдэгдсэний хариуд Оросоос хоёр дахь “Aurus” автомашинаа бэлгэнд авлаа

Ким Жон Ун "Украйны эсрэг хийж буй дайнд бүх талаараа туслалцаа үзүүлнэ" гэж мэдэгдсэний хариуд Оросоос хоёр дахь “Aurus” автомашинаа бэлгэнд авлаа

Энэ долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Хойд Солонгост хийсэн айлчлал байлаа. 24 жилийн дараа Хойд Солонгост хоёр дахь удаагаа айлчилж буй тэрээр өчигдөр /2024.06.19/ шөнө Хойд Солонгосын нийслэл Пёнянаас Вьетнамын Ханой хотыг зорин хөдөлсөн юм.

Хойд Солонгосын хувьд цар тахлаас хойш анх удаагаа зочид хүлээж авч байгаа нь энэ ба ОХУ-ын талаас энэхүү айлчлалд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Тэргүүн шадар сайд Денис Мантуров, Шадар сайд Александр Новак, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Батлан хамгаалахын дэд сайд Алексей Криворучко, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Тээврийн яамны тэргүүн Роман Старовойт, Роскосмосын тэргүүн Ю. Борисов, Оросын төмөр замын дарга Олег Белозеров, Приморийн захирагч Олег Кожемяко болон бусад хүмүүс оролцсон байна.

-УУЛЗАЛТААР ХОЁР УЛС РУУ АЛЬ НЭГ УЛС ТҮРЭМГИЙЛСЭН ТОХИОЛДОЛД ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ, БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИХ ТАЛ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ-

Харин олон улсын шинжээчдийн таамаглаж буйгаар энэхүү айлчлалд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон дэд сайд нар оролцсон нь хоёр улсын хоорон дахь зэвсгийн худалдааны талаар дэлгэрэнгүй ярилцсан гэсэн санааг онцолж байгаа юм. Тэгвэл өчигдөр хоёр удирдагчийн уулзалт маш шахуу цагийн хуваарийн дагуу үргэлжилжээ. Энэхүү уулзалтаар В.Путин Пхеньянтай харилцаагаа сайжруулах амлалтаа илэрхийлж зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндсөн бол БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ. Мөн хоёр улс 1961, 2000, 2001 онд хийж байсан түншлэлийн гэрээнүүдээ шинэчилж эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаас гадна хоёр улсын хилийн Туманная голыг гатлах авто замын гүүр барих тухай хэлэлцээрт нэгдсэн байна.

Мөн дээрх гэрээнд “оролцогчдын аль нэгний эсрэг бусад улс түрэмгийлсэн тохиолдолд харилцан туслалцаа үзүүлж, бүх талаараа дэмжих" тухай заасан нь олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаад байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш ОХУ Хойд Солонгосоос 10,000 гаруй тээвэрлэлтийн чингэлэг буюу 260,000 тонн сумтай дүйцэхүйц зэвсэг хүлээн авсан мөн Хойд Солонгост үйлдвэрлэсэн 10 пуужин харвасан гэж АНУ-ын хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлд дурджээ.

-УУЛЗАЛТЫН ДАРАА БОЛСОН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЭНД ДАЙНЫ СЭДЭВТЭЙ “АРИУН ДАЙН”, “КАТЮША” ЗЭРЭГ ДУУНУУД ЭГШИГЛЭЖЭЭ-

Уулзалтын дараа Путинд зориулсан хүндэтгэлийн концерт Пхеньяны спортын ордонд болсон ба энэ үеэр цэрэг дайны холбогдолтой дуунуудыг голчлон үзүүлжээ. Тодруулбал, “Ариун дайн", "Эх орон хаанаас эхэлдэг", "Бидэнд нэг ялалт хэрэгтэй", "Катюша", “Ижил мөрнөөс Енисей хүртэл", "Оросод хус яагаад ийм шуугиан тарьж байна вэ” зэрэг орос дуунуудыг сонсгосон байна.

Мөн хоёр орны удирдагчид хоорондоо бэлэг солилцсон нь энэ айлчлалын гол анхаарал татсан үйл явдал байлаа. Путин Ким Жон Унд сүүлийн үеийн “Aurus” маркийн автомашиныг, цайны багцтай бэлэг болгон өгчээ. Энэ оны хоёрдугаар сард Путин Кимд анхны “Aurus”машиныг бэлэглэж байсан юм.  Хэдийн Хойд Солонгосын дугаар авсан тус машиныг Путин өөрөө жолоодон Кимийг хажуудаа суулган явж үзүүлсэн байна. Харин Ким Жон Ун Путинд ямар бэлэг өгсөн нь тодорхой бус байгаа ба уран зураг бэлэглэсэн байж магадгүй байна.

Айлчиллаа өндөрлөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Ким Жон Унд хандан Пхеньянд урьсанд талархлаа илэрхийлж, дараагийн уулзалт Москвад болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. БНАСАУ-ын дараа Путин эртний холбоотон Вьетнамд айлчилж, худалдааны асуудлаар ярилцах төлөвтэй байна.