“Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг болох Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр /2024.06.20/ төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн нээлт болно.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ.