УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг гараар 100 хувь тоолж баталгаажуулна

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг гараар 100 хувь тоолж баталгаажуулна

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийсэн. Тэрээр тус хэвлэлийн хурлынхаа үеэр, "2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ ийм үйл явдал болбол эрх баригч МАН, дарга Л.Оюун-Эрдэнэ холбоотой. Энэ мэдээллийг би гудамжнаас олж сонсоогүй. Би тагнуул, аюулгүй байдлаар мэргэшсэн хүн. Онц хүн гэмт хэрэгтнүүд улсын хилээр орж ирсэн байна" гэж мэдэгдсэн талаар iToim.mn сайт мэдээлжээ. 

Иймд иргэд та бүхнийг маргааш /2024.06.28/ болох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэж заасан. 

Мөн улс төрийн нам, нэр дэвшигчдээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй жагсаал цуглаан зэрэг эмх замбараагүй байдал үүсгэхэд чиглэсэн хууль бус уриалга гаргаж магадгүй ба ийм зүйлд автахгүй байхыг уриалж байна. Учир нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 1400 орчим нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд магадгүй зарим хүмүүс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй юм. 

Нөгөө талаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн ажиллагаанд олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, иргэдийн төлөөлөл хяналт тавьж буй бөгөөд сонгогчдын саналыг "санал тоолох машин"-наас гадна гараар 100 хувь тоолж, баталгаажуулна гэдгийг албан эх сурвалжууд мэдээлж байна.