Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм, буруугийн шүүх хурал зургаадугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тэрбээр, шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтийг гаргасан ч "хувь хүн болон төрийн нууцтай холбоотой" гэх үндэслэлээр хаалттай явуулах шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар долдугаар сарын 01 /2024.07.01/-ны өдрийг хүртэл буюу маргаашийг хүртэл Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллсан байдаг. 

Түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт буруутган шалгасан байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.