Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хурал Беларусь улсыг тус байгууллагад элсүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурснаар эхэлжээ.
Ийнхүү Беларусь улс "ШХАБ-ын гэр бүлийн" бүрэн эрхт, арав дахь гишүүн боллоо. Энэ удаагийн дээд түвшний уулзалтыг даргалж буй Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэхдээ, ШХАБ-ын орон зайд аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Беларусь улс чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тус улс ШХАБ-ын үйл ажиллагаанд 2010 оноос яриа хэлэлцээний түнш, 2015 оноос ажиглагч орны хувиар оролцож байсан юм. 2022 оны есдүгээр сард Самарканд хотноо болсон Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр Беларусь улсыг ШХАБ-д элсүүлэх үйл явцыг эхлүүлэх шийдвэрт гарын үсэг зурсан байна. Энэ үйл явцын хүрээнд Беларусь улс 40 гаруй гэрээнд нэгдэн оржээ.