Шенгений орнуудын визийн хураамж өссөн талаар ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдээлэв. Шенгений визийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тодруулбал, 0-6 насны хүүхэд хураамжгүй бол 6-12 насны хүүхдийн хураамж 35 еврогоос 40 евро болж өсжээ. Харин 12-оос дээш насны иргэдийн хураамж 80 евро болсон байна.
Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испанид 90 болон түүнээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг “VFS Global Mongolia” компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч байгаа юм. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж 19.6 евро аж.
Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90 болон түүнээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой юм байна.
ГХЯ-ны Консулын газар