Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр халдлага үйлдсэн гэх этгээдийн зургийг ил болголоо

Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр халдлага үйлдсэн гэх этгээдийн зургийг ил болголоо

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийг сонгуулийн сурталчилгааны үеэр буудсан гэх сэжигтний зураг ил болжээ. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, тухайн сэжигтэн зүүн Пенсильвани мужид амьдардаг 20 настай Томас Крукс гэгч эрэгтэй болохыг тогтоосон байна.

BBC” агентлагийн мэдээлснээр, Хагас автомат AR-15 буугаар зэвсэглэсэн Крукс экс ерөнхийлөгчийг Пенсильвани мужийн Батлер хотод цугласан олонд үг хэлж байхад нь гал нээж, нэг үзэгч нас барж, хоёр хүн шархадсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Мөн 20 настай сэжигтэн залууг нууц албаны мэргэн буудагч хэргийн газарт буудан хөнөөсөн гэж албаныхан мэдээлэв.

Сэжигтэн Крукс ахлах сургуульдаа бусадтай таарч тохирдоггүй, найз нөхөдгүй байсан гэж хамт сурдаг байсан хүн нь хэлжээ. Томас Крукс Пенсильвани мужид Дональд Трампийг хөнөөх гэж завдахдаа өөр нэг хүнийг хөнөөсөн. Тухайн хохирогчийг Кори Комператоре гэдэг бөгөөд гал түймэртэй тэмцэх сайн дурын ажилтан байжээ. Тэрбээр буун дуу сонссон даруйдаа гэр бүлийн гишүүдээ биеэрээ хааж, хамгаалсан боловч өөрөө суманд оногдон нас барсан байна. 

Түүнчлэн, 57 настай Дэвид Датч, 74 настай Жеймс Копенхавер нар буудуулсан бөгөөд биеийн байдал нь тогтворжсон байна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Крукс 6-8 удаа гал нээсэн аж. Үүний нэг нь Дональд Трампийн баруун чихийг оносон юм. Мөн энэхүү хэргийн мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Холбооны мөрдөх товчооноос мэдээллээ.