Орхон аймгийн баяр наадам "Анхдагч, Илгээлтийн эздийн 50 жилийн ой", Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан нэртэйгээр энэ сарын 01 /2024.08.01/-ны өдөр эхэлсэн.
Тэгвэл Орхон аймгийн баяр наадмын нээлтийн тоглолтод оролцсон 27 хүүхэд хордлогын улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Тодруулбал, 7 дугаар сарын 30, 31-нд нэгдсэн журмаар үдийн хоолыг гэрээр хийсэн хоёр газраас авч нээлтийн арга хэмжээнд оролцсон оролцогчдод өгчээ. Ингээд өчигдөр /2024.08.03/-ийн 16:00 цагийн байдлаар Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцогчдоос нийт 27 хүүхэд эмнэлгийн байгууллагад хандсанаас 26 хүүхэд нь эмчилгээ, зөвлөгөө авч, харин нэг хүүхэд уржигдар /2024.08.02/ орой түргэн тусламжийн 103 дуудлагаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн ба түүний биеийн ерөнхий байдал дунд зэрэг, эмчилгээ хийгдэж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.
Мөн эмнэлэгт хандсан 27 хүүхдүүдийн тандалтын мэдээг цуглуулж, 16 хүүхдийн өтгөний сорьцыг нян судлалын лабораторид шинжилгээнд өгөөд байгаа аж. Улмаар баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцсон нийт оролцогчид руу холбогдож тандалт хийж, хоол үйлдвэрлэлийн газруудад хяналт, шалгалт хийгдэж байгаа талаар мэдээлжээ.