Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" Төрийн Бус Байгууллага болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тус төрийн бус байгууллагын гишүүн н.Дуламдаш "Өнөөдөр энд Орхон гол бохирдож байгаа болон Хуш модны самар бэлтгэх асуудлаар мэдээлэл хийхээр ирлээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн далангийн ус Орхон голын цутгалд нийлснээс болж энэ сарын 2-ноос Орхон гол бохирдож байна. Үүнээс улбаалан Монгол орны найман аймгийн нийт 53 сумаар дамжин урсдаг 1,413 км-ийн урттай томоохон гол маань аюулд өртлөө.
Үүнийг орон нутгийн байгаль хамгаалах газар, Байгаль Орчны Яам яагаад анхааралдаа авахгүй байна вэ гэдгийг гайхаж байна. Уг бохирдолд өртсөн загас жараахайнууд үе олноороо үхэж байгааг харж болно. Мөн энэ том гол дагуу нутаглаж байгаа малчин иргэд ундны усгүй болоод удлаа. Иргэд бол өөр газраас ундны усаа зохицуулж болох ч мал нь бохирдсон усаар ундаалж, үүгээр дамжин иргэд бас хохирч байгааг анхааралдаа авах ёстой. Энэ тал дээр ярихгүй байж болохгүй томоохон асуудал үүслээ. Яагаад Орхон голын эхэнд алтны лицензүүдийг цуцлахгүй шинээр олгоод байна вэ гэдэгт гайхаж байна" гэв.