ХОХИРОГЧ Д: Нүцгэн зургийг маань дэлгэнэ гэхээр нь айгаад уулзтал намайг хүчирхийлж, жирэмсэн болгосон

ХОХИРОГЧ Д: Нүцгэн зургийг маань дэлгэнэ гэхээр нь айгаад уулзтал намайг хүчирхийлж, жирэмсэн болгосон

Өсвөр насны охидыг хуурч мэхлэн цахим сүлжээгээр садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж, энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа. 

Гэсэн ч охид, эмэгтэйчүүд үл таних хүнтэй цахим сүлжээгээр танилцаж, улмаар энэ төрлийн гэмт хэргийн золиос болсоор байна. Тухайлбал, ЕБС-д сурдаг 16 настай охин эл төрлийн гэмт хэргийн золиос болжээ. Бүтэн нэг жилийн хугацаанд фейсбүүкээр чат бичиж, итгэл үнэмшлийг нь төрүүлсэн этгээд хохирогч охинтой уулзахыг шаардаж, улмаар хүчирхийлж, жирэмсэн болгосон байна. Бид охид эмэгтэйчүүдийг эл төрлийн гэмт хэргийн золиос болохоос сэрэмжлүүлэх үүднээс хохирогч охинтой хэрэг явдлын талаар ярилцлаа. 

ВИДЕО: 

Одоогоос жил гаруйн хугацааны өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сард хохирогч Д-т үл таних хүнээс найзын хүсэлт ирсэн байна. Охин тус хүсэлтийг хүлээн авч, улмаар чат бичиж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа тэд өөрсдийн зургаа нэгэндээ илгээдэг болсон байна. Цаашлаад шөнө оройн цагаар чат бичиж, биеийн зарим хэсгийн нүцгэн зураг зэрэг эмзэг мэдээллээ солилцох болсон аж. Хохирогч охин чат бичиж буй хүнд итгэж, дассан учраас өөрийн бүхий л мэдээллийг нуухгүй өгдөг байсан байна. Мөн чат бичиж буй хүнээс ирсэн зургийг өөрийнх нь гэж итгэдэг байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа хохирогч охины өөрийнх нь явуулсан нүцгэн зураг зэргийг өөрт нь явуулж, "Энэ зургийг чинь цахим сүлжээнд цацна", "олон хүнтэй фейсбүүк группт байршуулна", "аав, ээжид нь явуулна" гэхчлэнгээр сүрдүүлж, зочид буудалд ирэхийг шаардах болсон байна. 

Эмзэг мэдээлэл, нүцгэн зургаа олон нийтийн сүлжээнд цацуулахаас айсан охин арга буюу шаардлагыг нь биелүүлж, уулзсан аж. Гэтэл тухайн эрэгтэй нь чатаар явуулсан зургаас өөр, үл таних хүн байсан төдийгүй уулзсан даруйдаа охиныг хүчирхийлсэн байна. Ингээд зогсохгүй охиныг хүчирхийлж буй бичлэгийг хийж, уг бичлэгээр нь цаашид ч мөн олон удаа дарамтлах болжээ. 

Харамсалтай нь хохирогч охин энэ талаар хэнд ч хэлж, тусламж хүсээгүй байгаа юм. Учир нь тэрбээр бусад хүмүүс өөрийг нь доромжилж, элдвээр хэлэхээс айсан аж. Гэсэн ч тэрбээр нэг л өдөр жирэмсэн болсноо мэдэж, эмнэлгийн байгууллагад хандсан байна. Ингээд тус эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар уг хэрэг ил болжээ. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, хохирогч охинд сэтгэлзүйн болон хууль эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж. 

Иймд өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг энэ мэтээр үл таних хүнтэй цахим сүлжээгээр танилцаж, өөрийн эмзэг мэдээллийг явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Хэрэв эл төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол ойр дотнын хүндээ болон цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.