Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг НҮБ-д болжээ

Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг НҮБ-д болжээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ сарын 9-нд “НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь: ирээдүйн төлөөх төсөөлөл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ үеэр Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын 20 мянган цэрэг, түүний дотор 1500 эмэгтэй энхийг сахиулагч оролцсоныг онцлон тэмдэглээд, энхийг сахиулагчид болон тэдний гэр бүлийнхнийг дэмжих төслийг санаачилж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны санаачилга зэргийг бүрэн дэмжиж, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Энхийг сахиулах ажиллагааг амжилттай явуулахын тулд энхийг сахиулах ажиллагаануудын мандатыг илүү тодорхой, бодит байдалд нийцүүлж гаргаж, энхийг сахиулагчдын аюулгүй байдалд анхаарч, тэднийг шаардлагатай хөрөнгө санхүүгээр дэмжиж, сургалт технологиор хангахын чухлыг тэмдэглэсэн юм.

Нээлттэй хэлэлцүүлгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг есдүгээр сард даргалж буй Словени Улсын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд Словени Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Самуэл Збогар удирдан явуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Пьер Лакруа, “Олон улсын хямралын бүлэг” байгууллагын Ерөнхийлөгч Комфорт Эро, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Зеид Раад аль Хуссейн нар мэдээлэл хийж, 70 гаруй гишүүн улсын төлөөлөгч үг хэлэв. Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч гишүүн орнууд энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, энхийг сахиулах ажиллагааны мандатуудыг үүрэг гүйцэтгэж байгаа орнуудын онцлогт тохируулан тодорхой болгох, шаардлагатай санхүүжилтээр хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог бүх талаар дэмжихээ илэрхийлсэн гэж ГХЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө