ГОЛДЕН НОХОЙНЫ ЭЗЭН: Би нохойгоо гурван сартайгаас нь асарч өсгөсөн учраас тамлан зовоодоггүй

ГОЛДЕН НОХОЙНЫ ЭЗЭН: Би нохойгоо гурван сартайгаас нь асарч өсгөсөн учраас тамлан зовоодоггүй

2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9.1.5-д гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах үүргийг эзэн, түр асран хамгаалагч нь хүлээдэг. Мөн хуулийн 36.2.9  заалтаар нохой, муурыг байнга уях, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих зэргийг хориглсон. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалттай. 

ВИДЕО: 

-ОРШИН СУУГЧИД: НОХОЙ ХУЦАЖ, УЛЬЖ БАЙДАГ-

Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн дээрх дурдсан заалтуудыг зөрчсөн эзэн мөн эрх нь зөрчигдсөн байж болзошгүй Голден үүлдрийн нохойн талаарх мэдээлэл сүүлийн хоёр өдөр олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр иргэн У "Азтай Савар" ТББ-ын албан ёсны цахим хаягт "Энэ айл тагтан дээрээ үүр засаад нохойгоо 24 цагийн туршид байлгах юм. Нохой нь гэр рүүгээ орох гэж хуцдаг байсан бол сүүлдээ хувь заяатайгаа эвлэрч өдөржин, шөнөжин улиад, уртаар санаа алддаг болсон. Анх гэртээ оруулдаг байсан бол одоо оруулахаа ч больсон. Эзэн нь хаа нэг гарч доод айл руугаа баасыг нь шүүрдэж харагддаг. Өөрийг нь ийм давчуу жижиг зайнд 24 цаг амьдруулбал яах бол. Амьтны тухай хууль хэрэгжиж байна уу" хэмээн бичсэн байдаг. Энэ мэдээллийг харсан хүмүүс нохойны эзнийг шүүмжилж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг сануулж байгаа юм. Тэгвэл нохой амьдардаг байр нь Зуун айл худалдааны төвд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдын 112 байр аж. 

Тус байрны ... тоотод нохой эзэн эмэгтэйн хамтаар л амьдардаг байна. Байрны оршин суугчид болон энд худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн хэлж буйгаар нохой байнгын тагтан дээр л байж байдаг. Ульж, хуцдаг байна. Хэд, хэдэн хүн нохойг ульж, хуцдаг байнгын тагтан дээр байж байдаг гэдгийг хэлсэн юм. 

Харин СӨХ-ны дарга хэлэхдээ "Хажуугийн байрны оршин суугчдаас "Нохой шөнөжин хуцаад байна" гэсэн гомдлыг ирүүлж байсан. Энэ дагуу би эзэнд нь дамжуулж хэлж байлаа. Эзэн нь бол нохойгоо салхилуулаад л явж байдаг" гэснээс өөр мэдээллийг өгөхөөс татгалзав.  Биднийг очиход нохой тагтан дээр байгаагүй ч дэвсгэр, аяга гэх мэт эд хэрэгсэл нь хэвэндээ байж байв. Тухайлбал, иргэн У-ийн олон нийтийн сүлжээнд оруулсан зурган дээрх дүр төрх хэвээр байлаа.

-ЭЗЭН: БИ НОХОЙГОО ТАМЛАН ЗОВООДОГГҮЙ-

Харин нохойны эзэн гэртээ эзгүй байсан бол утсаар холбогдоход "Би нохойгоо гурван сартайгаас нь асарч өсгөсөн. эмнэлгийн үзлэг, шинжилгээнд нь тогтмол хамруулдаг. Шинжилгээний бичиг, удмын бичиг гээд бүх баримт нь бий. Яг зориулалтын хоолыг нь өгдөг. Голден их үсэрхэг учраас агаар салхинд байлгах шаардлага гардаг. Тэгэж байж үс нь бага унадаг. Манай нохой тагтан дээр орж гараад л байж байдаг. Түүнээс байнгын тагтан дээр байлгаж тамлан зовоодоггүй. Шөнө оройн цагаар агаар салхинд байнга гаргадаг. Амралтын өдөр ууланд гардаг. Нохой тэжээхэд асар их хөдөлмөр, хөрөнгө санхүү ордог. Түүнийг хүмүүс мэдэхгүй байж шүүмжлэх хэрэггүй юм. Би баасыг нь доош нь шүүрдэж хаядаггүй. Тэр бол гүтгэлэг. Тагтны хаалтаа хийлгэж чадаагүй учраас хамгаалалт хийж саравч шиг юм хийж өгсөн" гэх тайлбарыг өгсөн юм.

Энэ бол Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжихгүй байгаа нэг жишээ энэ байж магадгүй юм. Тиймээс гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийг тус хуулийг уншиж, мэдэх цаашлаад мөрдөх зайлшгүй шаардлага бий гэдгийг сануулахаар дээрх мэдээллийг бэлтгэлээ.