Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан хэргийг шалгаж байна

Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан хэргийг шалгаж байна

Дархан цаазат Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв.

Экологийн цагдаагийн албанаас есдүгээр сарын 12-ны өдөр Дархан цаазат Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн бүсэд хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын үеэр Налайх дүүргийн иргэн Б нь Тоз-8 маркийн галт зэвсэг ашиглан нэг тооны тарвага агнасан хэргийг илрүүлсэн байна.

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны наймдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд 30 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 84 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын 10 автобуснаас хууль бусаар агнагдсан байж болзошгүй 33 ширхэг тарваганы эд эрхтнийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгуудын авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл өгч, цаашид хууль бусаар агнасан зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.