ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэнийг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шалгаж дуусжээ

ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэнийг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шалгаж дуусжээ

Улаанбаатар хотын "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр хутга гаргаж танхайрч буй хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ.

Цахим орчинд нийтлэгдсэн хэрэг явдлын талаарх хяналтын камерын бичлэгт тус эрэгтэй нь лангуунаас согтууруулах ундаа авч, касс хэсэгт мөнгө шидэхдээ гартаа хутга барьсан байгаа нь харагдаж буй. Харин дараагийн хэсэгт худалдагч мөнгө дутуу байна гэсэн байдалтай гараа сарвайлгах үед эрэгтэй өөдөөс нь хутга харуулаад гарч явж байгаа нь бичигджээ.

ВИДЕО: 

Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн этгээд болох ОХУ-ын иргэн Ф.П.В /51 настай/-г наймдугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Харин цахим сүлжээнд "Тухайн ОХУ-ын иргэнд хариуцлага тооцоогүй, тавьж явуулсан" гэх утгатай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл олон нийтийн газарт хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн Ф.П.В-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 17.2-2.3 дахь хэсэгт зааснаар буюу 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгасан аж. Өдгөө тухайн иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэвээр байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

Ташрамд өгүүлэхэд,  ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Харин сүүлийн жилүүдэд монгол суурьших, түр оршин суух ОХУ-ын иргэд илт нэмэгдэж буй. Улмаар тус улсын иргэд хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гарах болоод байгаа юм. 

Хамгийн сүүлд гэхэд, ОХУ-ын ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монголд зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газарт бие засаж, зүй зохисгүй үйлдэл гаргасан байдаг. Гэсэн ч түүнийг дархан эрх, ямбатай гэх шалтгаанаар түүнд хариуцлага тооцоогүй байдаг юм. Мөн 2023 оны 12 дугаар сард ОХУ-ын иргэн Т гэгч нь Дархан-Уул аймагт байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүр болоод Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн кофе шопоор үйлчлүүлж байхдаа манай улсын иргэдтэй зүй бус харилцсан тул 10 хоног баривчлагдсан бол 2022 оны 9 дүгээр сард ОХУ-ын иргэн Д гэгч манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

 




Өнөөдөр могой өдөр

36 минутын өмнө