Өчигдөр орой МҮОНТВ-ээр Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд ил болгосон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр цахим орчинд “Эрүүдэн шүүсэн бичлэгийг ямар ч шүүлтүүргүй цацсаныг ёс зүйн алдаанд тооцож үзэх ёстой” гэх маргаан дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаар МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр, “Их хурлын гишүүд, хууль зүйн сайд, тагнуулын байгууллагын хүсэлтийн дагуу С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн шоронд байгаа “Нууц бичлэг” гэх мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Энэ бичлэг MNB-д үлдээгүй. MNB-ээр гаргасан нь зөв буруугийн тухай одоо хэлэж мэдэхгүй юм. Цаг хугацаа шүүнэ. Харин яасан дуусдаггүй олон хүний амьдралаар тоглосон гайтай хэрэг вэ гэж халаглаж байна даа. Тагнуулын ажилтан хардаар 30 минутын бичлэг авч ирснээс харж зогсож байгаад 7 минут орчмын бичлэгийг түүвэрлэж үзүүлээд аваад явсан. Шууд эхлэхийн өмнө ирээд серверээс эфир лүү шидсэн болно. Тэр муухай хараалын үгсийг хасах монтажлах хугацаа байсангүй. Уучлаарай. Бас MNB хуулж авч үлдээгүй. Хэн нэгнийг шүүх, яллах эрх надад байхгүй. Бас зөв, бурууг шүүдэг нь ч би биш. Энэ бичлэг хүний эрхийн ноцтой зөрчил биш үү мөн үү. Та өөрөөсөө асуугаарай. Хэрэгтэн, хулгайч нь хэн ч бай, хүн. Оронд нь өөрийгөө тавиарай. Тэр эмэгтэйн оронд ойрынхоо эмэгтэйг тавиад үзээрэй” хэмээжээ.