УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр боллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, аж ахуйн нэгж, байгууллагын татварын хөнгөлөлтийн талаар ямар шинэ зохицуулалт орсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Жил бүрийн төсвөөс олон нийт, баялаг бүтээгчдийн хүлээж байдаг зүйл бол татварын бодлого юм. Бид маш тодорхой гурван татварын бодлогыг танилцуулж байгаа. Нэгдүгээрт бүсчилсэн хөгжлийн татварын бодлого. Өөрөөр хэлбэл бүс бүсээр татварын ялгаатай бодлого баримталж болно. Бид хоёр том бүсчилсэн хөгжлийн бичиг баримттай болсон. УИХ-ын 64 дүгээр тогтоол, Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дээр бүс бүрийн тэргүүлэх чиглэлийг тодорхой зааж өгсөн.
Энэ хүрээнд Засгийн газрын сайд нар бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл, үйлдвэр, салбарыг тодорхойлох үндсэн үүрэгтэй. Мөн бүс бүрээс сонгогдсон УИХ-ын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн удирдлагууд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр асуудлуудаа эрэмбэлж, ямар татварыг аль бүсэд хэрхэн ногдуулах талаар хуульчилж, зохицуулалт оруулж ирсэн. Өмнө нь бид боловсруулах салбарын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлдөг байсан бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс салбар харгалзахгүйгээр технологийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг чөлөөлж байгаа гэсэн үг. Зарчмын томоохон өөрчлөлт оруулж буй зүйл нь аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, тусламж, хандив үзүүлсэн бол тухайн компанийн жилийн орлогын нэг хувиар хязгаарлаж, татвараас чөлөөлөх хуулийн заалттай болох гэж байгаа" гэлээ.