УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг бусдаас хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өгөөгүй гэх хэргээр эрэн сурвалжилж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн эрэн сурвалжлалтыг зогсоосон талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарт иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэл гардуулахаар шүүхийн дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тухайн хариуцагч нар шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй байдаг.
Тиймээс шүүхээс тэднийг есдүгээр сарын 06-ны /2024.09.06/ өдөр албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, улмаар эрэн сурвалжлах тухай захирамж гаргасны дагуу тэднийг эрэн хайж эхлээд байсан юм.
Энэхүү мэдээлэл олон нийтэд ил болсноор "Ажнай" Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч шүүх байгууллагатай холбогдож, улмаар эрэн сурвалжлалтыг зогсоосон байна. Өдгөө дээрх нэр бүхий хүмүүст холбогдох иргэний хэргийн маргаан шүүх дээр явагдаж байгаа аж. Харин иргэний хэрэгт хариуцлагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар нь "Нүүрсний хэрэг"-т мөн яллагдагчаар татагдаад байгаа бөгөөд тэдэнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.