“Милтон” хар салхинаас үүдэн Африкийн заан, Карибын тэнгисийн фламинго, жижиг гиппо болон бусад 1000 орчим амьтныг нүүлгэн шилжүүлнэ

“Милтон” хар салхинаас үүдэн Африкийн заан, Карибын тэнгисийн фламинго, жижиг гиппо болон бусад 1000 орчим амьтныг нүүлгэн шилжүүлнэ

АНУ-ын Флорида муж улсын эрэг рүү "Милтон" нэртэй хүчтэй хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан муж улсын захирагч Рон Десантис иргэддээ хандан нүүхийг уриалсаны дагуу тус хотоос гарах иргэдийн цуваа тасрахгүй байна.  

Албадан нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдэл болон нүүх зөвлөмжийг 5.5 сая гаруй хүнд илгээсэн бөгөөд Флоридагийн түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болж буй талаар АНУ-ын Онцгой байдлын Холбооны алба (FEMA) мэдээлжээ.  Иргэдээс гадна зоо паркын амьтдыг ойролцоох муж болоод бусад газар луу нүүлгэн шилжүүлж байна.

Үүнд Африкийн заан, Карибын тэнгисийн фламинго, жижиг гиппо болон бусад 1000 орчим амьтан багтаж байгаа аж. Олон тооны амьтад 28 га талбай бүхий паркаа орхиж магадгүй гэж амьтны хөтөлбөрийн ахлах захирал Тиффани Бернс хэлжээ.

“Милтон” хар салхи нь 2005 онд Мексикийн буланд үүсэж байсан хар салхинаас хамаагүй хүчтэй байх төлөвтэй байгаа бөгөөд хүч нь даваа гарагт гуравдугаар ангиллаас тавдугаар түвшинд хүрч ширүүсжээ. АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, салхины дээд хурд цагт 287 км-т хүрсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байден муж улсын эрх баригчдын үйл ажиллагааг биечлэн зохицуулахын тулд Герман, Ангол улсуудад хийх айлчлалаа хойшлуулсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн эдгээр улс руу хийх айлчлалаа цуцалжээ.

Л.ЛХАМБҮТЭД