Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг судалгаагаар баталжээ

Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг судалгаагаар баталжээ

Домогт далайчин Кристофер Колумбыг оршуулсан газрыг тойрсон 500 жилийн нууцыг эрдэмтэд эцэслэн тайлж чаджээ.

Тодруулбал, Испанийн Севилья хотын сүмээс олдсон шарилыг 20 жил судалсны эцэст алдарт аялагч Кристофер Колумбынх болохыг ДНХ-гийн шинжилгээгээр баталсан байна.

1506 онд Колумбыг нас барсны дараа шарилыг нь олон удаа нүүлгэсэн тул тэдгээр нь яг түүний шарил мөн эсэхэд эргэлзээ төрүүлсээр иржээ. Зарим шинжээч түүнийг Доминиканы Бүгд Найрамдах Улсад оршуулсан гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Испанид олдсон шарил нь алдарт аялагчийнх болохыг судалгааны үр дүн “туйлын тодорхой" баталжээ. Судлаачдын баг Севилья хотын цогчин дуганаас олдсон хүний ясны ДНХ-г сүүлийн 20 жилийн туршид Колумбын төрөл төрөгсөд, түүний хүү Эрнандо болон дүү Диего нарынх нь шарилын ДНХ-тэй харьцуулан судалжээ.

"Өнөөдөр шинэ технологийн тусламжтайгаар үүнийг шалгах боломжтой болсон тул Севильягаас олдсон шарил Кристофер Колумбынх гэсэн онол эцэслэн батлагдсан" гэж судалгааг удирдсан шүүх эмнэлгийн шинжээч Мигель Лоренте хэллээ.

Үүниий сацуу бас нэгэн нууц буюу Колумбын гарал үүсэл тайлагдаагүй хэвээр байна. Түүнийг Польш, Испани, Еврей гаралтай гэсэн онолууд байдаг ч Генуягаас гаралтай гэсэн онолыг хамгийн үндэслэлтэй гэж үздэг. Эрдэмтэд түүхийн энэ хэсэг дээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ