ГХЯ: Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа хоёр иргэн Истанбулын Консулд ажилладаг

ГХЯ: Хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа хоёр иргэн Истанбулын Консулд ажилладаг

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг геройн төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлснээ Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлээд байгаа.

Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Энэ тухай тэрбээр “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Шалгах явцад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг нь дипломат ажилтан, нэг нь жолооч. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй. Эл мэдээллийг Гадаад хэргийн яам нуусан зүйл огт байхгүй. Хилийн чинадад гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн мэдээллийг  гадаадад байгаа 43 консулын газраар дамжуулан авдаг. Мэдээлэл авсан даруйдаа арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг. Энэ дагуу манайх Берлин дэх ЭСЯ руу мэдэгдэж мэдээлэл авсан, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Зөвхөн энэ хэрэг дээр биш өөр гэмт хэргийн мэдээллүүдийг Гадаад хэргийн яам мэдээллэдэггүй. Учир нь ар гэрийнхнийх нь хүсэлтээр хувь хүний нууцыг хадгалдаг. Мөн энэ хэргийн хувьд хэрэг нь хянан шалгагдаад явж байна.

-Монгол Улсын нэр хүндийг гадаадад сурталчилж ажиллах үүрэгтэй хүмүүс ийм асуудалд холбогдсонд ГХЯ-наас хариуцлага тооцож, арга хэмжээ авсан уу?

-Тухай хоёр иргэн Истанбулд консулын алба хашдаг чухал албан тушаалтнууд. Гэхдээ суугаа улсын хууль дүрмийг зөрчсөн учир Консулын асуудал болдог. Тиймээс энэ хэргийг нууж хаасан зүйл байхгүй. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй.

-Өмнө нь ийм хэрэг гарч байсан тохиолдол бий юу? 

-Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө нь гарч байсан. Тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө