ЧУУЛГАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

ЧУУЛГАН: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, шаардлагын талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав.

Өргөн барьж буй хуулийн төсөлд нийт таван үндсэн бүлэг өөрчлөлт тусгагджээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөр бусад асуудал хэлэлцэхийг хойшлуулдаг. Дөрвөн шатны хэлэлцүүлэг явуулах бөгөөд ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хэлэлцүүлгийн үеэр шийдэх юм.

Үндсэн хуулийн төсөл өргөн барих үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, 

-Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг  гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй.

Гэхдээ бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Эцсийн дүндээ энэ өөрчлөлт нийгмийн зайлшгүй шаардлага. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлнэ. Эвлэрэл, зөвшилцлийг эрхэм болгож, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриалж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье" гэлээ.