ТАНИЛЦ: Таны ангилж, ялгасан хог хаягдлыг дахин боловсруулж буй “ЦАРЦАА НОГООН” төсөл

ТАНИЛЦ: Таны ангилж, ялгасан хог хаягдлыг дахин боловсруулж буй “ЦАРЦАА НОГООН” төсөл

Дэлхийн банкны 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг иргэн өдөрт 2.6 килограмм хог үйлдвэрлэдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ манайх дэлхийд 12 дугаар байрт жагсдаг аж.

Айл өрхийн хаягдлын 60 орчим хувь нь дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг гэсэн судалгаа ч байдаг.Тиймээс байгальд ээлтэй, зөв дадалтай амьдрахыг хүсвэл юун түрүүнд хаягдал дахивар хогоо дахин боловсруулах үйлдвэрт өгөх нь хамгийн оновчтой шийдэл. Гэвч үйлдвэрүүд ихэвчлэн хотын захаар байрлалтай учраас иргэд тэр бүр үйлдвэрт хүргэж чаддаггүй билээ.

Тэгвэл иргэдийн ангилсан хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх ажлыг "Царцаа ногоон" дуудлага тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус үйлчилгээ нь байгаль орчинд ээлтэй байх үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан учраас бид онцолж доорх мэдээллийг бэлтгэлээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАХИН БОЛОВСРУУЛАХ 23 ҮЙЛДВЭР БАЙГААГИЙН
10 НЬ АХУЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛДАГ

Хэрвээ айл өрх бүр энэ үйлдвэрүүдэд хог, хаягдалаа өгж заншвал ахуйн хаягдлын 60-80 хувийг дахин боловсруулах боломжтой. Харин дээрх 10 үйлдвэр тус бүр 1-2 төрлийн дахиварыг л дахин боловсруулах чадвартай. Тиймээс "Царцаа ногоон" ахуйн хог хаягдлыг найман төрлөөр ангилан авдаг.

Үүнд:

  1. PET хуванцар буюу ус ундааны гэрэлтдэг хуванцар сав
  2. HDPE хуванцар буюу шампунь, цэвэрлэгээний бодис, шингэн саван, тарагны сав, машины тос, тосолын сав
  3. Хөнгөн цагаан-ЛААЗ
  4. Гялгар уут
  5. PP хуванцар буюу хатуу болон зөөлөн хуванцар
  6. Хужирт, Үлэмж, АҮС, АПУ, Урбанек, 100гр СОК-ний шил
  7. Бор картон
  8. Бичгийн цаас орно

"Царцаа ногоон" үйлчилгээ 2018 онд бий болсноосоо хойш 1,000 гаруй айл өрх, 10 орчим аж ахуйн нэгжид хүрч ажиллаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд нийт гурван тонн орчим дахивар цуглуулсан байна. Үүнээс 1.5 тонн орчим нь хуванцар, гялгар уут.

ГАРЧ БУЙ НИЙТ ХОГ ХАЯГДАЛЫН 70-80 ХУВИЙГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ Ч
БИД ХОЁР ХУВИЙГ Л ДАХИН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Айл өрхийн хаягдлын 60 орчим хувь нь дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг аж. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.1 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү. Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж байгаа юм. “Царцаа ногоон” төсөл анх “Хогоо багасгая” фэйсбүүк хуудсаараа дамжуулан айл өрхүүдэд хог хаягдлыг ангилан ялгах талаар болон тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан хэрэглээгээ багасгах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг чухал ойлголтуудын талаар сурталчилж байсан аж. Тэр санаачилга нь олон нийтийн сүлжээнд хөдөлгөөн болон өрнөжээ.  “Царцаа ногоон” дуудлагын дахивар тээврийн үйлчилгээг санаачлагч Б.Саруул “Иргэдийн ангилан ялгачихсан хог хаягдлыг зөөвөрлөдөг тээврийн үйлчилгээ заавал байх шаардлагатай юм байна гэдгийг олж харсан. Ингэхдээ тэр үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэх биш, бүтэн нэг систем байвал үр дүнгээ үзүүлнэ гэж үзээд “Царцаа ногоон” гэх үйлчилгээг бий болгохоор зорьсон аж.

ХОГ ХАЯГДАЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛСНААР МАШ ОЛОН ТӨРЛИЙН
ХЭРЭГТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

PP хуванцар буюу хатуу хуванцрыг дахин боловсруулж, хуванцар сандал, барилгын материал зэргийг үйлдвэрлэдэг.

Мөн гялгар уут дахин боловсруулах үйлдвэр болох "Пластик Центр" компани хуванцрыг дахин боловсруулж, нүхэн жорлонгийн доторлогоо, бохир усны шугам хоолой, траншейний таг, гадна тохижилтын сандал гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Түүнчлэн “Амарсанаа Стэп” компани хөнгөн цагаан, хайлш дахин боловсруулах үйлдвэртэй бөгөөд ахуйн хог хаягдал болох лаазыг нэмж авдаг. “Амарсанаа Стэп” компанийн онцлог нь хөнгөн цагаан, хайлшийг дахин боловсруулан усан онгоцны сэлбэг хэрэгсэл болгоод Япон улс руу экспортолдог аж.

“ЦАРЦАА НОГООН” ҮЙЛЧИЛГЭЭ АЙЛ ӨРХҮҮДЭД 5,000 ТӨГРӨГӨӨР,
ААН-ИЙН ХУВЬД ДУУДЛАГЫН ДАВТАМЖААС ХАМААРАН 10 МЯНГААС
40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧИЛДЭГ

Уг төслийхөн :

Мягмар гарагт Баянзүрх, Хан-Уул дүүрэгт

Лхагва гарагт Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт

Пүрэв гарагт Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үйлчилж байгаа бөгөөд тухайн өдрүүдэд 5-6 айл дахивраа өгдөг аж.

“Хогоо багасгая” фэйсбүүк группээр дамжуулан, зардал багатайгаар дахивар цуглуулдаг цэг үүсгэсэн. Тэр цэг дээрээ цуглуулсан дахивруудаа цэгцлээд төрөл төрлөөр нь үйлдвэрүүд рүүгээ хүргэдэг аж.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЕБС-ИЙН СУРАГЧИДАД ХОГ ХАЯГДЛЫН  ТУХАЙ ЗӨВ ОЙЛГОЛТ,
УХАМСАР БИЙ БОЛГОХ, ИРЭЭДҮЙД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ИРГЭН
БОЛЖ ТӨЛӨВШИХӨД АНХААРНА

Төслийнхөн одоогоор ерөнхий боловсролын зургаан сургуульд ангилан ялгалтын тээврийн үйлчилгээ явуулж, хог хаягдлыг ангилан ялгах ач холбогдлын талаарх сургалт хийж байна.

Мөн цаашид хог хаягдлыг дахин боловсруулж, ангилан ялгадаг шинэ системийг иргэдийн оролцоотой бий болгож, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхийг зорьж байна.Ангилж ялгаснаар хэрэглээгээ багасгах, байгальд ээлтэй амьдрах боломжтой. Хөгжлийн түвшинд авч үзвэл хог хаягдлаас маш их хэрэгцээтэй зүйлийг бий болгох боломжтой систем юм.

“Zero waste” буюу тэг хаягдалтай амьдрах хэв маяг дэлхий нийтэд трэнд болж байна. Ачаалал нь улам ихсэж байгаа цэнхэр гаригаа унаган төрхөөр нь илүү олон жил хадгалж, хамгаалахын тулд хүн төрөлхтөн өнөөдөр аль болох хаягдалгүй амьдрах хэрэгтэй. Тиймээс иргэн бүр “Царцаа ногоон” төслийхэнтэй хамтран ажиллаж байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэцгээе.

Хэрвээ та ангилж, ялгасан ахуйн хаягдлаа "Царцаа ногоон"-оор дамжуулж дахин боловсруулах үйлдвэрт хүргэх бол "Царцаа ногоон" фэйсбүүк хаягаар эсвэл 90023032 утсаар холбогдож, дуудлага өгөх боломжтой.