О.Баасанхүү УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд дуудав

О.Баасанхүү УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд дуудав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудалтай холбогдуулан асуулт асуув. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй, харин ч илүү их уртасгасан.  Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй” хэмээн түүнийг шүүмжлэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг хугацааг нь багасгасан гэж тайлбарлаад байгаа боловч хууль дээрээ хугацааг нь илүү уртасгасан байсан шүү. Хуулиа сайн уншаад үзвэл” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Дэгийн тухай хуулиар миний асуусан асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулах ёстой байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулах боломжгүй байсан. Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асууж, хариулах ёстой. Тэр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар тусдаа мэтгэлцэж болно. УИХ-ын дарга таныг хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлаар мэтгэлцээнд дуудаж байна” гэв.