"Этик" продакшны жүжигчид нэгнийхээ биед халдан, танхайрч буй бичлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2024.12/ цахим орчинд цацагдсан.
Тодруулбал, "Этик" продакшны найруулагч, жүжигчин С.Одбаяр бусдын биед халдаж, толгой руу нь хэд хэдэн удаа цохиж буй бичлэг цацагдсан юм. Улмаар уг үйлдлийг цагдаагийн байгууллага бүртгэлд оруулж, шалгаж эхэлсэн байдаг.
Тухайн үед "Этик" продакшны жүжигчин С.Одбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Өчигдөр сошиал орчинд тавигдсан бичлэгт тайлбар гэх юм уу, уучлал хэлэх нь зүйтэй болов уу гэж бодоод бичлэг хийж байна. Хүн нэрээ, тогос өдөө гэж хамгийн үнэн үг байдаг юм байна. Хэдийгээр дан ганц миний буруу биш байсан ч гэсэн өөрийгөө өмөөрч хэлэх үг алга. Би согтуу байхдаа ямар ааш авир гаргаж, ямар муухай харагдаж байсан гэдгээ бичлэгээс олж харж, та бүхнээс хэлүүлэлгүйгээр мэдэрч, их гэмшиж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн хүмүүс болон хамтлаг, гэр бүл, эх хүүхэд, ах эгч, ээж аав, хамаатан садан гээд бүх ойр дотнын хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Өөрийгөө өмөөрөх хүсэл сонирхол алга. Энэ зүйлээс болж гэр бүл, хамтлагийнхныг маань битгий газар дор ортол муулаарай. Энэ хэрэг сар гаруйн өмнө болсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа" хэмээж байв.
Тэгвэл "Этик" продакшны найруулагч, жүжигчин С.Одбаярт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Учир нь С.Одбаярт цохиулсан гэх иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул ийнхүү зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.