Манай улс дэлхийн улс орнуудад 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар, 34 Элчин сайдын яам байгуулан ажиллуулж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрвөн жилийн өмнө сайдаар томилогдсон даруйдаа 23 улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг УИХ-д өргөн мэдүүлэн томилуулж байсан. Дээрх 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусч, дахин 23 Элчин сайдыг томилно. Гадаад харилцааны яамнаас эл асуудлыг хаврын чуулганы хугацаанд багтаах болов уу гэсэн хүлээлт байна.
-ЭНЭ ЖИЛ 50 ОРЧИМ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙД, КОНСУЛААР ТОМИЛНО-
Дээрх 23 Элчин сайдаас гадна консулуудыг ч томилох бөгөөд нийт 50 орчим хүнийг Элчин сайд, консулаар томилох юм. Тэдний заримыг томилж эхэлсэн бөгөөд улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс ч энэ дунд бий. Тухайлбал, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Бүгд Найрамдах Польш улсад суух Элчин сайдаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг, ХҮН намын гишүүн Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар тус, тус томилсон. Мөн УИХ-ын гишүүн, сайд асан Д.Сарангэрэлийг Элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг Германд суух Элчин зөвлөхөөр томиллоо. Эл томилгоо ирэх өдрүүдэд ч үргэлжилнэ.
Консулыг Засгийн газрын хуралдаанаар томилдог бол Элчин сайд нарыг Засгийн газраас санал болгож, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-аар томилдог. Тэгвэл Засгийн газрын 145 дугаар тогтоолоор цаашид консул, Элчин сайдыг томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй бөгөөд энэ эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шилжүүлжээ.
-МАН, АН, ХҮН НАМААС ЭЛЧИН САЙД, КОНСУЛ БОЛОХООР ХҮЛЭЭЖ БУЙ ОЛОН ХҮН БАЙНА-
Консулыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шууд томилох бол Элчин сайд нарыг санал болгоод Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-аар томилуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдааны түвшинд хэлэлцдэг эрх мэдлийг тэр чигээр нь Гадаад харилцааны сайдад шилжүүлжээ. Ингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байхыг үүрэгдсэн байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хүмүүсээ Элчин сайдаар томилуулж, Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй дипломат албыг улстөрчдийн ураг төрлийн томилгоо, албан тушаалын тохироо, шагнал болгоод удаж буй. Энэ удаад консул, Элчин сайд нарын томилгоонд Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлж буй учир Ерөнхий сайд ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл ч байна. Олон улсын жишгээр нийт томилгооны 30 хувьд нь улс төр, өөр бусад салбарын хүмүүс томилогддог. Харин энэ жил онцлогтой бөгөөд хамтарсан Засгийн газарт орсон МАН, АН, ХҮН намын боловсон хүчинг Элчин сайд, консулаар томилж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй хуваарилах болов уу гэсэн хүлээлт байна.