Б.Энхбаяр: Х.Баттулгын хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг компани руу Хонг Конгоос хоёр сая доллар орж ирсэн баримтыг би илчилсэн

Б.Энхбаяр: Х.Баттулгын хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг компани руу Хонг Конгоос хоёр сая доллар орж ирсэн баримтыг би илчилсэн

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр "УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, П.Сайнзориг бид гурав 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр 13 тоот асуултыг Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан. Хамтарсан Засгийн газрыг байгуулсны үр дүн нь том төслүүдийг хөдөлгөх, төрийн албыг цомхон, чадавхтай ажиллуулах юм. Гэтэл тус Засгийн газар байгуулагдсанаасаа хойш Үндэсний хороо,  зөвлөл, комисс, төв гэсэн хуульд байхгүй нэршилтэй бүтцийг Засгийн газар дээр олноор байгуулж төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг өндөр цалинтай, зардалтайгаар ажиллуулж байна. 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр бид гурван гишүүн эл асуудлыг хөндөж "Үүнийгээ зогсоо" гэж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр сануулж байсан. Дараа нь Төрийн өмчит үйлдвэрүүдэд бүтээмжийн менежер, хяналтын менежерийг томилсон. Энэ бол улс төрийн авлигал. Тиймээс тодорхой тоон мэдээлэл авах хүрээнд Засгийн газар, Ерөнхий сайдаас асуулт асуусан. 

Асуултын хариулт өнөөдөр ирсэн. 2025 оны эхний улирлын байдлаар 4306 байгууллагад 227996 алба хаагч ажиллаж байна гэдэг мэдээлэл ирсэн. Энэ тоонд төрийн өмчит компанид ажиллаж буй хүмүүсийн тоо багтаагүй. Хуулиар Засгийн газрын түвшинд 57 хороо, комисс, зөвлөлийг байгуулсан байна. 57 хороо, комисс, зөвлөл дээр нийт хичнээн хүн ажиллаж байгаа мэдээллийг өгөөгүй байна. Асуулт асуусан ч хариулаагүй гэсэн үг. Хуулиар тухайлан заагдаагүй 10 хороо, 4 зөвлөлийг байгуулжээ. Энэ нь 90 орон тоотой, жилдээ 30 тэрбумын төсөвтэй.

Төрийн өмчийн компаниуд дээр 42 бүтээмжийн  менежер, хяналтын менежерийг бий болгосон бөгөөд дундаж цалин нь 6-7 сая төгрөг, орлогчийн статустай машин унадаг, тусдаа өрөөтэй. Ойрын үед мөн энэ албан тушаалд дахин 100 гаруй хүнийг томилох мэдээлэлтэй байна. Манай улсад одоогоор төрийн өмчийн компани 120, орон нутгийн өмчит 300 гаруй компани байна. Нийт 450 орчим компани байгуулагдаж байгаа. 

Засгийн газраас Төрийн өмчит компаниудын ил тод, хүртээмжтэй байдлыг сайжруулах хүрээнд хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийг УИХ дээр миний бие ахалж ажиллаж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа төр цомхон байх, эдийн засгийн харилцаанд оролцохгүй, хувийн хэвшлийн хийж чадах бизнесийг төр хийхгүй, төрийн өмчит компаниудын үрэлгэн, данхар бүтцийг байхгүй болгоно гэж хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд ажлын хэсэг гараад ажиллаж байхад оруулж ирсэн бодлогынхоо эсрэг  маш үрэлгэн, том бүтцийг төрийн өмчит компаниуд дээр гаргаж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үргэлжлүүлэн "Хамтрал гэх халхавчаар Х.Баттулгын ойрын хүмүүсийг тодруулбал, түүнийг намын дарга байхад нь хэрэг эрхлэхийнх нь дарга байсан, дүрмийн хэлтсийн дарга байсан, туслах нь байсан хүмүүсийг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк гэсэн газарт томилж байна. Дандаа мань хүний өөрийнх нь нэр холбогдож байсан газруудад өөрийнх нь хүмүүсийг томилж байна. Би өмнө нь хоёр ч удаа сонсгол зохион байгуулж байсан. Энэ хүний эргэн тойрны хүмүүс дандаа ялыг нь үүрдэг. Хөгжлийн банкны хэрэг дээр энэ хүний ойрын хүрээллийн хүмүүс зээл авч, гарын үсэг зурж, МоАХ-ны газрыг барьцаалсан хэргээр ял үүрсэн. Бүх булхайг илчилсэн шүү дээ. Гэтэл мань хүний ойрын хүмүүс дахиад л Хөгжлийн банканд захирлаар томилогдлоо. Энэ бол хулгай үүрлэхийн нэр. "Төгрөг нуур энержи" ХХК,  "СameX" гэх компани мөн Хонг Конг, Сингапур улсад бүртгэлтэй оффшор компаниудынх нь хамаарлыг илчилж байсан. Мөн төмөр замын гэх либерти партнерсаас дамжуулж гарсан энэ мөнгийг шалгах явцад Хонг Конгоос хоёр сая доллар өөрийнх нь гурван хүүхдийн үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа, туслах Эрдэнэтуяагийнх нь захирлаар ажилладаг компаниуд руу нь орж ирснийг би илчилж байсан шүү дээ. Энэ талаар "Төмөр зам руу орсон мөнгө яаж яваад ямар замаар гадны улсаас танай компани руу ороод ирэв" гэж би асууж байсан. Тэр үед тодорхой хариулт өгөөгүй. "Би яагаад хүүхдүүдтэйгээ хамтраад компани байгуулж болдоггүй юм бэ" гэсэн хариултыг л өгч байсан" гэлээ.