Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх товлоод байсан. Тэгвэл тус асуудлыг судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж, хойшлууллаа.

Энэ талаар Эдийн засгийн Байнгын хорооны гишүүн Б.Мөнхсоёл "Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Яагаад вэ гэхээр, олон нийтийн хэлэлцүүлгийг маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна. Мөн УИХ-ын гишүүдэд Хүнсчдийн холбооноос албан бичиг ирсэн. Судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрчилтэй гараад байна. Хүнсчдийн холбоо МУИС-ийн эдийн засгийн шинжилгээ хийдэг хүрээлэнд захиалга өгч судалгаа хийлгэсэн юм байна. Судалгаагаар энэ хэлэлцээрийн үр ашиг нь тааруу байна гэж дүгнэсэн юм байна. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны хийсэн судалгаагаар бол хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн юм билээ" гэдгийг тодотголоо.