Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Уг хөтөлбөрийг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хувьд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам болох юм гэлээ.
Мөн Монгол Улсын хувьд өнөөдөр нийт бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70 орчим, аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаалтай эмэгтэйчүүд 37 хувийг тус тус эзэлж буйг дурдлаа.Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудлууд болж буйг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга цаашид Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээртэй холбоотой бүхий л санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.