ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын "хамтарсан ЗГ"-ыг байгуулахдаа зурсан "гэрээг" олж авах шүүх хурлыг өнөөдөр зарлажээ

2025-05-05 14:55

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын байгуулсан "гэрээг" олж авах шүүх хурал "МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй" гэх шалтгаанаар хойшиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр нарын "Хамтарсан Засгийн газар"-ыг байгуулахдаа зурсан "гэрээг" олж авах шүүх хурлыг өнөөдөр /2025.05.05/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал,  тус хэргийн хариуцлагч болох МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

2025-05-05 10:33

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын "хамтарсан ЗГ"-ыг байгуулахдаа зурсан "гэрээг" олж авах шүүх хурлыг өнөөдөр зарлажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентад 68 суудал авсан МАН, 42 суудалтай АН, найман гишүүнтэй ХҮН намтай хамтарч, "хамтарсан Засгийн газар"-ыг байгуулж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. 

Харин "хамтарсан Засгийн газар"-ыг байгуулахдаа, олон зүйлтэй "нууц гэрээ"-г МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын дарга Л.Гантөмөр нар байгуулсан гэдэг бөгөөд тус гэрээг УИХ дахь АН-ын гишүүдэд танилцуулаагүй, гэрээнд юу гэж заасан талаар гишүүд нь огт мэдэхгүй байгаа гэдэг. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хуульч Н.Ариунболд "хамтарсан Засгийн газар" байгуулахдаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын дарга Л.Гантөмөр нарын хоорондоо байгуулсан гэрээг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан байна.

Энэ дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Н.Ариунболдын нэхэмжлэлийн дагуу шүүх хурлыг өнөөдөр /2025.05.05/ 13:30 цагт товлосон байна. Мөн өнөөдөр болох шүүх хуралд МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.