"Төгрөгийн ханшийг долларын эсрэг тогтвортой барихгүйгээр хөгжиж дэвших тухай санахын ч хэрэггүй" гэж Уоррен Баффет монголчуудад зөвлөлөө

"Төгрөгийн ханшийг долларын эсрэг тогтвортой барихгүйгээр хөгжиж дэвших тухай санахын ч хэрэггүй" гэж Уоррен Баффет монголчуудад зөвлөлөө

"Berkshire Hathaway"-ийн хувьцаа эзэмшигчдийн жил тутам зохион байгуулагддаг ээлжит хурал бямба гаригт /2025.05.03/ боллоо.

Энэ үеэр гүйцэтгэх захирал Уоррен Баффет Монголын хөрөнгө оруулагчдад хандан зөвлөгөө өгчээ. Тэрбээр "Үнэндээ 20 гаруй жилийн өмнө энэ уулзалт дээр ирж байсан танил маань Монголд нэлээд их зүйл хийж, амжилттай хөрөнгө оруулж байсан. Нэг хэсэг Монголд амьдарч ч байсан. Монголын Засгийн газарт өгөх зөвлөгөө гэвэл урт хугацаанд валютын ханшаа тогтвортой хадгалж, нэр хүнд бий болгох л чухал гэж хэлэх байна. Өндөр инфляцтай улсад бид хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Хэтэрхий төвөгтэй. Зарим хүн өндөр инфляцтай нөхцөлд мөнгө олох арга замаа олдог ч бидний тоглох тоглоом бол биш. Би ч сайн тоглож чадахгүй байх. Манай компанийн хэмжээний шаардлагад нийцэх зүйл Монголоос олох магадлал тун бага.

Улс орон бизнест ээлтэй, валютын ханшиндаа анхаардаг байх хэрэгтэй. Ингэснээр тус улсын иргэдэд ч ач тустай.

Ялангуяа, байгалийн баялаг зэрэг бусад давуу талууд дээр тулгуурлаж чадвал шүү дээ. Заавал төгс байх албагүй. Бусдаас илүү байхад л болно. Америк ч тийм төгс улс орон байгаагүй юм шүү. Эцэст нь танай улсад амжилт хүсье" гэснээр тэрбээр яриагаа дуусгажээ.