Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно

Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно

Өчигдрөөс илүү маргаашийг бүтээх үндэс нь өнөөдөр гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэлд оршдог. Тэр дундаа хүүхэд, залуусын боловсрол, мэдлэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 19 дэх жилдээ зарлаж байна.

Энэ жилийн хувьд дараах 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт нийтдээ 100 оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгох юм. Тухайлбал,

  1. Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөх сурагчдаас шалгаруулан, ирэх 9-р сард их, дээд сургуулийн 1-р дамжаанд суралцахад нь тэтгэлэг олгоно. Эдгээр сурагчийг 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргээс сонгон шалгаруулах бөгөөд дунд сургуулиас их дээд сургуульд элсэн орох энэ чухал үед нь дэмждэг тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.
  2. ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь шалгарч байсан 2 болон түүнээс дээш дамжааны оюутнуудад 2025-2026 оны хичээлийн жилд дахин тэтгэлэг олгоно. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийн жилүүдэд сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа үргэлжлүүлэн дэмжиж, эрдэм боловсрол эзэмшин, сургуулиа төгсөхөд нь бодитой дэмжлэг болох юм.

Түүнчлэн, хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжлээр суралцагсдад тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд давуу тал болно. Шинэ үеийн залууст бүх талын мэргэжил, боловсролыг чанартай хүртээмжтэй хүргэх нь хувь хүн  төдийгүй улс орны амьдралын чанарыг тодорхойлдог тул  Тогтвортой хөгжлийн 4-р зорилгод “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийг зааж өгсөн байдаг. Тиймдээ ч сурах авьяас чадвартай хүүхэд залуусыг дэмжих энэхүү бодлогыг ХААН Банк тууштай хэрэгжүүлж байна. ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт улс орны өнцөг булан бүрээс нийт 2260 оюутан хамрагдаж, нийт 2.4 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг хүртээд буй. ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамжтай ЭНД дарж танилцах боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк