СУРВАЛЖИЛГА: Ерөнхий боловсролын "Спортын төв сургууль"-ийн сурагчдын сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна

СУРВАЛЖИЛГА: Ерөнхий боловсролын "Спортын төв сургууль"-ийн сурагчдын сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнгөрсөн долоо хоногт /2025.05.06/ Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын дунд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох үндсэн эрх нь зөрчигдөж байна гэдэг асуудал хөндөгдсөн байдаг. Тэгвэл бид уг мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СПОРТЫН ТӨВ СУРГУУЛИЙГ 16 ЖИЛИЙН ӨМНӨ БАЙГУУЛЖ, СПОРТЫН ТӨВ ОРДОНД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭХЛҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Төрийн өмчийн мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийг одоогоос 16 жилийн өмнө /2009.03.03/ байгуулж, үйл ажиллагааг нь Спортын төв ордны байранд эхлүүлж байжээ. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 20.28.17 дугаар зүйл, "Бага дунд боловсролын тухай хууль"-ийн 14.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүүхдийн спортын дунд сургууль байгуулах тухай" 2008 оны Е/13 тоот албан тоотыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 38 дугаар тушаалаар Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг олгосноор Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байсан байна. 

Олимпийн наадам, Азийн тоглолт, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын томоохон уралдаан, тэмцээнд Монгол Улсын нэр хүндийг өндөрт гаргах ур чадвартай өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэн гаргах, Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх суурь боловсролыг олгох зорилготой анх байгуулагдсан тус сургуулийн сурагчид өнөөдөр хүндхэн нөхцөл байдалд сурч, боловсрон, бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

-ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА Ч ЭНЭ ТАЛААР ДУУГАРАХ ХҮН АЛГА-

Ийн өгүүлэхийн учир нь 16 жил Спортын төв ордны баруун жигүүрт "толгой хорогдсон" тус сургуулийн үүдээр орвол хэзээ засвар үйлчилгээ хийсэн нь үл мэдэгдэх, будаг нь халцарсан хана, хулдаас нь урагдаж, ноорсон шал, эвдэрч хэмхэрсэн ширээ сандал, хүүхэд, том хүн холилдон холхих орчин биднийг угтав. Олон арван тамирчин, сурагчид бэлтгэл сургуулилт хийдэг болоод тэр үү нэгдүгээр давхар нь тэр чигтээ таагүй үнэртэй аж. Спортын бэлтгэлийн заалтай хаяа нийлэн байрлах ахлах ангийн хичээл таржээ. Сүүлийн хэдэн жилд хөдөөгийн сургуульд ч олж хараагүй хуучирч муудсан модон ширээ, сандлыг шахаж, зайгүй байрлуулсан байв. Үүнээс үзвэл тэр жижиг ангид олон хүүхэд хичээллэдэг бололтой.

Тус ангийн эсрэг талд сургалтын менежерийн өрөө байрлах аж. Тиймээс сургуулийн үйл ажиллагааны талаар болон сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаар тодруулахаар сургалтын менежертэй уулзав. Нүүр дүүрэн инээмсэглэсэн эмэгтэйд учир байдлаа хэлбэл "Сургуулийн захирал туршлага судлахаар Япон явсан. Захирал байж мэдээлэл өгнө. Яагаад гэнэт манай сургуулийг сурвалжлах болов. Захиалгаар нэвтрүүлэг бэлтгэж байгааг чинь мэдэж байна. Манай сургуульд гарсан хүндрэл бэрхшээл байхгүй. Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсорч байгаа" хэмээгээд мэдээлэл өгөхөөс татгалзав. "Захилгаар" гэх үгийг нь үгүйсгэж, сурагчдынх нь сурч боловсрох орчин нөхцөл хэн ч харсан хүнд байгааг хэлж, мэдээлэл авахаар учирласан ч тусыг эс олж, өрөөнөөс хөөгдсөн юм. 

Тиймээс бид өрөөнөөс гарч, Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын дунд сургууль гэх хаягтай шилэн хаалгаар дээш гарав. Нэгдүгээр давхрыг бодвол орчин нь арай дээр, сургуулийн төрхтэй аж. Гэхдээ тэнд ЕБС-ын сурагчид ерөнхий эрдмийн хичээл сурдаг гэхэд мөн л бэрх харагдаж байлаа. Энэ ч утгаараа бид асуудлыг хөндөн гаргасан спортын холбоодын удирдлагуудтай уулзсан юм. Тэдний мэдээлж буйгаар Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж, ирээдүйн тамирчид бэлтгэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сургууль, Үндэсний шигшээ багийн тамирчидтай нэг дор байрлаж, бэлтгэл сургуулилт хийж байгаа нь тохиромжгүй. Тиймээс шаардлага хангасан орчинд сурч боловсрох эрхийг нь хангаж, одоогийн байрлаж байгаа анги танхимыг шигшээ багийн тамирчдад гаргаж өгөх нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлж байсан юм. 

-СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ч.ЗОРИГТБААТАР АХ Ч.НАРАНБААТАРЫНХАА ҮЕД СПОРТЫН ТӨВ ОРДНЫ БАРУУН ЖИГҮҮРТ "ТУХАЛЖЭЭ"-

Монгол тамирчдын залгамж халаа болон бэлтгэгдэж, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах ирээдүй болсон хүүхдүүд ийм орчинд хичээллэж, тэднийг ийм нөхцөлд бэлтгэж байгаа нь өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлж байсныг энд нуух юун. Тиймээс бид яагаад тус сургууль 16 жилийн турш Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулах болов гэдгийг сонирхож, мэдээллийг хөвөрдөж үзэв. 

Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай 12 сургууль үйл ажиллагаагаа явуулдгийн нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургууль бөгөөд 2009 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Спортын төв ордонд байрлаж, үйл ажиллагаагаа байна. 500 гаруй сурагч, 60 гаруй багш, дасгалжуулагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус сургуулийг шинэ барилгатай болгохоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 2 га газрыг олгож, барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгосон ч санхүүжилтийн асуудлаас болж, шинэ сургуулийн сураг алдарсан байгаа юм. Харин тус сургуулийн захирал, удирдлагууд анх үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй сургуулийг удирдаж байгаа ч сургуулийн барилгын асуудлыг яагаад шийдүүлэхгүй, энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулсангүй вэ гэдэг нь мөн энд анхаарал татаж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монголын Олимпын холбооны тэрүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Биеийн тамир спортын улсын хорооны даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Ч.Зоригтбаатарыг Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын дунд сургуулийн захирлаар магадгүй томилуулж, Спортын төв ордны баруун жигүүрийг "дүүгийнхээ сургууль"-д гаргаж өгсөн аж. Энэ ч утгаараа Ч.Зоригтбаатар захирал Спортын төв ордонд "том" бөгөөд сургуулийнхаа орчин нөхцөлийг сайжруулж, шинэ сургуультай болох асуудалд төдийлөн анхаарахгүй энд хүрсэн үү гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.