Казахстаны Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн турш болж өндөрлөлөө.
Өчигдөр болсон багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд найман орны баг оролцсоноос Монголын баг хүрэл медаль хүртлээ. Манай жүдочид эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэгийг хожлоо. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Тайланд улсын жүдочдыг хожин нэгэн түүхэн амжилтыг бичлээ. J1 эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өчигдөр эрэгтэй жүдочид багийн төрөлд шагналын тавцанд зогсож чадлаа. Энэ нь Монголын пара жүдогийн түүхэнд багийн тэмцээнд медаль хүртсэн анхны амжилт болсон юм. Казахтанд очсон Монголын пара жүдо бөхийн баг хоёр хүрэл медаль хүртэн түүхэн амжилтыг бичлээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас “Рио 2016” паралимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлага дор гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцлоо. Багийн ахлах дасгалжуулагчаар дэлхийн хараагүйчүүдийн наадмын алт, мөнгөн медальт А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж сонгогдон ажилласан байна. Мөн пара жүдо бөхийн зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран томилогджээ. Баг тамирчид ирэх долоо хоногт эх орондоо ирнэ.