У.Энхдөл: “Элсний нүүдэл”’ “Шүрэн бугуйвч” кинонд тоглосноо одоо үзэхэд инээдтэй санагддаг. Хүн ер нь чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй юм билээ

У.Энхдөл: “Элсний нүүдэл”’ “Шүрэн бугуйвч” кинонд тоглосноо одоо үзэхэд инээдтэй санагддаг. Хүн ер нь чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй юм билээ

“Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” зэрэг кино бол тухайн үедээ л Монголын кино урлагийн салбарт шинэ салхи оруулж байсан уран бүтээлүүд. Одоо ч яригдсаар байдаг эдгээр кинонуудын жүжигчид хүртэл тухайн үед шинэхэн бас сонирхолтой байсан нь гарцаагүй. Тэгвэл бид энэ удаад дээрх хоёр уран бүтээлд эсрэг дүрийг бүтээж байсан У.Энхдөлтэй ярилцлаа.

Түүнийг “Sync” хамтлагийн дуучин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрбээр “Миний гэр” шоунд оролцож, олны танил болсноос гадна жүжигчин мэргэжил эзэмшээгүй ч дээрх хоёр уран бүтээлд тун эвлэгхэн тоглосон байдаг. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Таныг хүмүүс “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” киногоор нь сайн мэдэх байх. Та жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн үү?

-“Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл” зэрэг кинонууд сүүлийн үед нэлээд яригдаж байна л даа. Өмнө нь анзаарч үзэж байгаагүй хүүхдүүд одоо эргээд нэлээд сонирхоод байх шиг байна. “Шүрэн бугуйвч” гэхэд л 12 жилийн өмнөх кино. Моод эргэнэ гэдэг шиг л сая хэсэгхэн хүмүүс, хүүхдүүд нэлээд сонирхлоо. Миний хувьд жүжигчин мэргэжилтэй биш. Багадаа бусдын адилаар урлагийн үзлэгт их ордог урлагт хайртай хүүхэд байлаа. Тэгээд СУИС-д орсон. Сургуульд ороод удаагүй байхдаа одоогийн “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шиг “Миний гэр” гэдэг шоунд орсоноор хүмүүс анх мэддэг болсон байх.

-Одоо эргээд өөрийнхө өтоглосон киног үзэхэд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Миний царай тийм ч юм уу дандаа л эсрэг дүрд тоглуулдаг л даа. Гэхдээ “Миний гэр” шоуг хийсэн студи “Элсний нүүдэл” киног хийсэн юм. Тэгээд л шоунаас хүүхдүүд аваад тоглуулсан байх. Жүжиглэлтийн хувьд одоо бодоход ичмээр л санагддаг. Гэхдээ өмнөх цаг хугацаа учраас мэдээж сайхан.

-“Миний гэр” шоунаас таныг нэлээд таньдаг болсон байх. Тухайн үед ямар мэдрэмж төрдөг байв?

-“Миний гэр” шоу хүмүүсийг зургаан сар гаргахгүй хорьчихдог нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд л гараад ирсэн чинь хүмүүс таньдаг болчихсон байсан. Хүмүүс хажуугаар зөрж өнгөрөхдөө “Дөлөө явж байна” гээд л ярина. Гэхдээ тиймэрхүү зүйл гоё шүү дээ. Анх хэн ч танихгүй байж байгаад олны танил болсон тэр л мэдрэмж гоё байсан.

-Цөөхөн хэдэн чанартай уран бүтээлд тоглоод ахиж кинонд тоглоогүй юм байна. Кинонд тоглох бодол байхгүй юу?

-Одоо үе, кино урлаг тэр үеэс тэс өөр болсон болохоор илүү мэргэжлийн хүмүүс тоглох ёстой байх. Хүн ер нь өөрийнхөө ур чадвар, хэм хэмжээг мэддэг байх ёстой.

-“Сүүлчийн захидал” гэдэг дууныхаа үгийг өөрөө бичиж байсан шүү дээ. Багаасаа шүлэг, дуу хийх сонирхолтой хүүхэд байв уу?

-Багадаа шүлэг бичих гэж их оролддог байсан. Найз охиндоо ч юм уу зориулаад шүлэг бичдэг л байсан. Хамтлагийнхаа “Дурсамж бүхэнд чи” гээд уран бүтээлийн үгийг бичиж байсан. Мөн өөрийнхөө “Сүүлчийн захидал” гэдэг дууны үгийг бичиж байсан. Хамгийн анх “Boomtown” хамтлагийн нэг дууны үеийг бичиж байжээ.

-“Sync” хамтлагийг байгуулах үе “Миний гэр” шоунаас эхлэлтэй байсан уу?

-Тийм. Бид нарын үед хамтлаг уран бүтээлчид их хүчтэй байсан. Тэрийг харж өссөн учраас багаасаа  л дотроо хамтлаг байгуулах мөрөөдөлтэй байсан л даа. Тэгээд бусад гишүүддээ санал тавиад хамтлагаа байгуулж байлаа. Хамтлаг байгуулж байсан тэр үе ч их сайхан дурсамжтай л санагддаг.

-“Sync” хамтлаг яагаад уран бүтээлээсээ нэлээд урт хугацааны завсарлага авчихав?

-Сүүлийн үед илүү сайн сонсогч болж байна. Өөр салбар луу орсон. Одоо цаг үе ч өөр болсон байна. Тухайн үед хийж байсан дуугаа дахиад хийнэ гэвэл бусдад хүрэхгүй байх.

Сонсогчид маань бас өөрчлөгдсөн байна. Миний бодлоор хүн ер нь хөгширч сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайн үед байснаараа зүтгүүлээд л байж болохгүй шүү дээ. Цаг үетэйгээ зэрэгцэн хувьсан өөрчлөгдөж, магадгүй уран бүтээлч гэхээсээ илүүтэй сайн сонсогч байж болно.

-Өөрийн тань хувьд одоо ямар ажил эрхэлж байна?

-Миний хувьд 2015 онд гадагшаа явж мастер хамгаалсан. Одоо яг л бусдын адилаар өглөө гараад, орой хариад, гэр бүлтэй болоод сайхан л байна.

-Удахгүй “All in hit” тоглолт болох гэж байна. Олон жил уран бүтээлээсээ зарсарлага авсан байсан учраас эргээд нэгдээд дуу, уран бүтээлээ хийхэд ямар санагдаж байгаа бол?

-Мотив манай дээд талын ангийнх, Нэгэн зүгт түүний дээд талын анги байсан. Тэгээд эдгээр залуус маань нийлээд бусад хүмүүст дуугаараа дамжуулж хуучны дурсамжийг нь сэргээж өгөх гэж хичээж байгаа. Зарим зүйлсээ бас мартчихдаг л юм байна. Тэгээд хамтлагийнхааа дуунуудыг эргээд сонсоход хуучны дурсамжууд сэргэж л байна. Өмнөх “All in Hit” хип хоп чиглэлд байсан бол энэ удаад илүү поп төрлийн дуунууд эгшиглэнэ. Хүмүүсийн хэлж буй сэтгэгдлүүд ч маш гоё мэдрэмж өгч байгаа. Өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд л дуу, уран бүтээл хийдэг байсан бол одоо харахад ер нь үнэн сэтгэлээсээ хийсэн зүйлс хүмүүст хүрдэг юм байна даа гэж бодож байгаа. Одоо ч гэсэн миний “Сүүлчийн захидал” дууны коментод дурсамжуудаа их бичсэн байдаг. Энэ бүхэн л бидний өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн худлаа урсаагүй байна гэдгийг харуулж байгаа юм л даа.

-“Sync” хамтлагаараа хамгийн сүүлд хэзээ томоохон хэмжээний тайзан дээр гасан бэ. Бас сонсогчиддоо хэлэх үг бий болов уу?

-Бид 2012 онд “Open air”-т тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш ийм томоохон хэмжээний тайзан дээр гараагүй юм байна. Бараг 13 жилийн дараа ахин томоохон тайзан дээр гарах нь. Бидний дуунууд хэрвээ та бүхний дурсамжинд байдаг бол эргээд нэг дурсамжаараа аялцгаая гэж хэлмээр байна.