Германд амьдардаг Монгол иргэн С.Билгүүн: Энд хүмүүс огт маск зүүхгүй байна

Германд амьдардаг Монгол иргэн С.Билгүүн: Энд хүмүүс огт маск зүүхгүй байна

Гуравдугаар сарын 18-ны өдрийн 08:30 цагийн байдлаар нийт 165 улс орны, нутаг дэвсгэрт 198.214 хүн коронавирусийн халдвар авч, амь насаа алдсан хүний тоо 7.965-д хүрээд байна. Олон улсын судлаачид “БНХАУ өвчний тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй бол өвчлөл, нас баралтын тоо одоо байгаагаас 6 дахин их, уг шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан бол уг тоо одоо байгаагаас 66 хувиар бага байх байсан” хэмээн үзэж байна.

БНХАУ-д халдварын тархалт буурсан хэдий ч Европ даяар хурдацтай тархаж хүн амыг айдаст автуулаад байгаа юм. Халдвар авагчдын тоо нэмэгдэж өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй  бүс нутгуудаас монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг Засгийн газраас хийж эхэлсэн. Одоогоор 700 гаруй иргэн эх орондоо ирээд буй.

Бид Герман улсын Берлин хотод амьдардаг С.Билгүүнтэй холбогдож тэндхийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр Берлин хотод Татварын мэргэшсэн мэргэжилтэн хийдэг бөгөөд давхар хуулийн мэргэжлээр суралцаж төгсчээ.

“ГЕРМАН УЛСАД ХАЛДВАР АВАГСДЫН ТОО 10 МЯНГА ДАВСАН”

-Сайн байна уу? Берлин хотод одоогоор нөхцөл байдал ямар байна?

-Сайн. Сайн байна уу? Германд халдвар авагсдын тоо 10 мянга давсан. Берлин хотод энэ долоо хоногоос эхлэн хөл хорио тогтоогоод байна. Ер нь бол халдвар гарсан дэлхийн бусад улс орнуудтай адил  хүнд байдалтай л байна даа.

-Европын зарим улсуудад хүнсний дэлгүүрүүд хоосорч байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Берлинд дэлгүүрүүд ямархуу байдалтай ажиллаж байна вэ?

-Ер нь урьдных шигээ хэвийн байдлаар ажиллахгүй байна. Зарим дэлгүүрүүд хангалаттай бүтээгдэхүүн үгүй хоосорсон харагдаж байсан.

-Халдварын тархалтыг хумих, иргэдийг сэрэмжлүүлэх тал дээр Герман улс яаж ажиллаж байгаа вэ?

-Берлинд бол коронавирустэй холбоотой тусгай утас гаргасан байгаа. Тэр утас руу залгаж мэдээлэл авах, мөн өөрт илэрсэн сэжигтэй шинж тэмдэг зэргээ мэдээлж болно. Хэрвээ өвчний шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн хүмүүс гэрт нь очиж шинжилгээ авч байгаа гэсэн. Ер нь бол гэрээс нь огт гаргахгүй байгаа. Мэдээж эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа.

“ГЕРМАН УЛС МАСК ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ УЧРААС, ЭНД ХҮМҮҮС
МАСК ЗҮҮХГҮЙ БАЙНА”

-Берлинд маскны олдоц хэр байна?

-Германд маск үйлдвэрлэдэггүй болохоор хүмүүс огт маск зүүхгүй байна. Тийм учраас халдвар ихээр тархаж байгаа байх. Эмийн сангаас асуухаар “байхгүй, дууссан” гээд байгаа.

-Маск яагаад үйлдвэрлэхгүй байгаа юм бол?

-Германчууд бүх зүйлийг үйлдвэрлэж чадна. Хамгийн гол нь улс төрийн бодлоготой холбоотой байх гэж би хувьдаа бодож байгаа. Одоогоор Герман улсад халдварын улмаас 26 хүн нас бараад байна.

-Хөл хорио хэдэн хүртэл үргэлжлэх вэ?

-Одоогоор Улаан өндөгний баярыг дуустал буюу дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл хөл хорио үргэлжилнэ.

Ярилцсанд баярлалаа.

“ИТАЛИ УЛСЫН НАПОЛИ ХОТОД ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ӨГЛӨӨ
ОНГОЙГООД, ӨДӨР ХААЖ БАЙГАА”

Европын улсуудаас халдварын голомт болоод буй улсуудын нэг бол Итали улс билээ. Бид мөн Итали улсын Наполи хотод амьдардаг Монгол улсын иргэн С.Чулуунсүхтэй холбогдон тодруулахад “Энд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн улс даяар хөл хорио тогтоогоод байна. Онцын шаардлагагүй бол огт гэрээсээ гарахгүй байгаа. Маскны олдоц тун муу байна. Эмнэлгүүд ачааллаа даахаа болисон гэсэн. Хүнсний дэлгүүрүүд өглөө онгойгоод өдөр хааж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.