Нобелийн шагналтнуудын уулзалтад судлаач Н.Жавзмаа оролцоно

Нобелийн шагналтнуудын уулзалтад судлаач Н.Жавзмаа оролцоно

Энэ жилийн 70 дахь удаагийн Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ.

ХБНГУ-ын Линдау хотод ирэх  6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-нд салбар дундын судалгааны (Interdisciplinary) чиглэлээр болох уулзалтад 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаач, оюутан болон хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээрх Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцох юм байна.

Манай улсаас Линдаугийн уулзалтад жил бүр шилдэг залуу эрдэмтэн судлаач нар сонгогдон оролцдог уламжлалтай.  

Cүүлийн жилүүдийн байдлаар:

2019 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Жаргалан,

2018 онд АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул,

2017 онд МУИС-ийн багш, залуу судлаач Ж.Рагчаа,

2016 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа,

2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын мэргэжилтэн Б.Отгонсувд нар сонгогдон оролцжээ.  

Уулзалтын үеэр залуу судлаачид Нобелийн шагналтнуудын илтгэл сонсон, тэдний туршлагаас суралцахын зэрэгцээ харилцан ярилцах, мөн өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон бусад оролцогчдод танилцуулдаг юм.

Линдаугийн Нобелийн шагналтнуудтай хийх уулзалтыг 1951 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байгаа залуу судлаачдад Нобелийн шагналтнуудтай уулзан харилцаа тогтоох, тэднээс суралцах, туршлага солилцох зэрэг боломж олгодгоороо онцлогтой.