Бусдыг хууль бусаар АЖЛААС ХАЛСАН хэргээр хотын дарга С.Амарсайхан шүүхэд дуудагджээ

Бусдыг хууль бусаар АЖЛААС ХАЛСАН хэргээр хотын дарга С.Амарсайхан шүүхэд дуудагджээ

Сүүлийн үед хотын дарга болоод түүний орлогч нарыг тойрсон асуудал маргаан хэвлэлийн хуудаснаас буухаа больсон. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл гараад байна. Тодруулбал, бусдыг хууль бусаар ажлаас нь халсан гэдэг үндэслэлээр шүүхэд дуудагдаад байгаа аж.

Тухайлбал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг 2019.06.05-ны өдөр үүрэгт ажлаас нь “сахилгын шийтгэл” нэрээр чөлөөлж, тухайн өдрөө Урлаг.мн сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюушийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн “Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэж мэдэгдсэн юм.

Мөн Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, нөхөн томилгоог хийгээд буй. Тэрбээр шүүхэд хандахаар бэлтгэлээ хангасан талаар эх сурвалжууд мэдээлэв. Э.Болорчулууны оронд  Ардчилсан намыг засаг барих үед Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажилаж байсан А.Энхманлай томилогдсон байна.

Хотын дарга С.Амарсайханы хийж буй зарим томилгоо хэт хувийн шинжтэй, Ардчилсан намын угшилтай хүмүүст боломж олгож буйд намынхан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэдэг мэргэжлийн бус хүнийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилжээ.

Түүнчлэн хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Автозамын газрын даргыг чөлөөлөх ажилд идэвхийлэн оролцож буй. Тэрбээр, Налайхын замын зөвлөхийн тендерийг авсан компанийн захирлыг уг албан тушаалд томилохоор зүтгүүлж хүртэл үзсэн тухай мэдээлэл гараад байгаа юм.

Хотын даргын адармаатай томилгоо үүгээр дууссанггүй. Түүний хууль зөрчин байж томилсон зургаан орлогч одоо хүртэл асуудал дагуулсан хэвээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхий сайдад "асуудалтай орлогч нараа энэ долоо хоногтоо багтааж хал, цэгцэл" гэсэн үүргийг өнгөрөгч долоо хоногт авсан билээ.