Л.Гантөмөр АН-ын бүлгээр Л.Оюун-Эрдэнийг дэмжүүлж эцэст нь Засгийн газартаа үлдэх заль ашиглаж буйг намынхан нь шүүмжилж эхлэв

Л.Гантөмөр АН-ын бүлгээр Л.Оюун-Эрдэнийг дэмжүүлж эцэст нь Засгийн газартаа үлдэх заль ашиглаж буйг намынхан нь шүүмжилж эхлэв

Өнөөдөр /2025.06.02/ 10.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, 12.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн 14.00 цагт УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

-ӨНӨӨДӨР Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯАГ УИХ-ААР ШИЙДНЭ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүү, бэрийнхээ тансаг хэрэглээг  нотолж чадахгүй 20 хонож байна. Тэрбээр хувийн энэ асуудлаа намын институдээрээ хэлэлцүүлж, Бага хурлаас шийдвэр гаргуулсан ч эцэст нь улс төрийн шийдвэрээ биелүүлэлгүй гүрийж олныг дургүйцлийг хүргэсэн. Ер нь бол өөрийнх нь гэр бүлийн асуудалд Ардчилсан нам буруутай болж, Засгийн газраас хөөгдсөн. Бүр сүүлдээ парламентын зовлон, улсын асуудал болгож Үндсэн хуулийн 44.1 дэхь заалтаар "Манай Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөлд итгэл үзүүлээч" гэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг ийнхүү өнөөдөр хэлэлцэх гэж байна.  Угтаа бол УИХ нь өнгөрсөн 2024 онд 14 мега төсөлд итгэл үзүүлж дэмжсэн. Тэгэхээр дэмжчихсэн ажлаа дахин дэмжих үү, үгүй юу гэх шийдвэрийг өнөөдөр гаргах нь. Ямартай ч УИХ өнөөдөр нийгмийн дэмжлэггүй болсон Ерөнхий сайдыг явуулах уу, авч үлдэх үү гэдэг чухал шийдвэрийг гаргана.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракц, Ардчилсан намын бүлэг хоёр шийдэх нь нэгэнт тодорхой боллоо. 

Эцсийн мөчид Д.Амарбаясгалангийнхан тонгорох эрсдэлтэй тул Л.Оюун-Эрдэнэ чаддагаараа Ардчилсан намын 42 гишүүнийг хайрцаглах гэж одоог хүртэл ажиллаж байгаа юм. Мэдээж холбох, зохион байгуулалтын ажлыг Л.Гантөмөр, Э.Одбаяр нар хийж байна.

-АРДЧИЛСАН НАМЫН 8 САЙД ЗАСГИЙН ГАЗРААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Хамтарсан Засгийн газар ажиллах 10 сарын хугацаанд бүх  "гал"-ыг үүрч том төслүүдийг хөдөлгөсөн нь Ардчилсан нам. Гэсэн ч эцсийн мөчид МАН тэднийг Засгийн газраасаа хөөсөн. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт "Ямар ч тохиолдолд Ардчилсан нам Засгийн газраас гарна" гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний хэлсэн үг заль байсныг аль хэдийн намынхан нь мэджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан нам Засгаас гарлаа гэж олон нийтийг хуурч, эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл хүлээлгэн тэсч үлдэхэд их тус нэмэр болох тохироог хийсэг гэх. Үүний дараа Ардчилсан намын 8 гишүүн Засгийн газраас гарах өргөдлөө Л.Оюун-Эрдэнэд өгөх ч, Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өргөдлийг нь хүлээж авахгүй, үлдээх тохироог хийжээ. 

Үүнийг батлах үйл явдал бол Ардчилсан намын 8 сайд одоогоороо Засгийн газраас гарах өргөдлөө өгөөгүй байна. Тэд "гаръя гэхэд гаргасангүй" гэдэг үгийг хэлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэтэй кнопоороо наймаалцаж тэр бүү хэл өнөөдрийн бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж үгийг нь сонсоё гэсэн ухуулгыг Э.Одбаяр бүлгийн гишүүддээ хийсэн байна. Гэхдээ нэг итгэл найдвар байгаа нь Ардчилсан нам хэзээ ч хайрцаглагддагүй араншинтай билээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлын үеэр Л.Гантөмөр Засгийн газраас гарахаа мэдэгдээд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ хэрвээ Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Ерөнхий сайд болбол дэмжихгүй, сөрөг хүчний ажлаа хийнэ гэсэн гэх. Яачихсан их хайр вэ гэмээр. Эцэст нь энэ Засгийн газар үлдвэл итгэл найдваргүй хэзээ мөд тэсрэхэд бэлэн болсон олон нийтэд "Ардчилсан нам л авч үлдсэн шүү" гэдэг тайлбарыг хийнэ. Эцэст нь хэлэхэд, Ардчилсан намын 42 гишүүнийг өнөөдөр ямар шийдвэр гаргахыг олон нийтэд анхааралтай ажиглаж байна.