Э.Түвшинзаяа: "Ододтой бүжиглэе" шоунд орсноос хойш "Д.Намсрайноровыг бүжиглүүлж чадсан юм чинь намайг ч бүжиглүүлж чадна биз дээ" гэсэн хүмүүс их байсан

Э.Түвшинзаяа: "Ододтой бүжиглэе" шоунд орсноос хойш "Д.Намсрайноровыг бүжиглүүлж чадсан юм чинь намайг ч бүжиглүүлж чадна биз дээ" гэсэн хүмүүс их байсан

Дэлхийн стандартад нийцүүлэн зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг өнгөрсөн сард дууссан. 13 долоо хоногийн турш ням гараг бүрийн орой үзэгчдийг дэлгэцийнх нь ард уяж, гэр бүлээрээ тухлан сууж үзэх дуртай болгосон нэгэн нэвтрүүлэг “Ододтой бүжиглэе” байсан болов уу. Уг тэмцээнд олон хүний түрүүлүүлэхийг хүссэн нэг хос байсан нь Э.Одбаяр Э.Түвшинзаяа нар юм. Мэргэжлийн бүжигчин Э.Түвшинзаяагийн хувьд өмнөх улиралд дуучин Д.Намсрайноровтой хамтран үзүүлбэрүүд үзүүлж, өөрийнхөө заах арга зүйг бусдад батлан харуулсан. Харин энэ жил өөрийгөө ямар сайн бүжигчин бэ гэдгээ харууллаа. Иймд бид мэргэжлийн бүжигчин, ОУХМ Э.Түвшинзаяаг энэ удаагийн “Social ID”ярилцлагын буландаа урьж, ярилцлаа.

ВИДЕО:

-Өөрийн тань хувьд ямар сургуулийг, ямар мэргэжлээр төгссөн бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Би СУИС-д бүжгийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Түүнээс хойш 13 дахь жилдээ тасралтгүй бүжгээр хичээллэж байна. Мөн оюутны хоёрдугаар курээсээ эхлээд “Moon dance” клубт элссэн.

-Багаасаа бүжиглэх дуртай, бүжиглэх авьяастай хүүхэд байв уу?

- Тийм. Багаасаа л бүжгийн авъяастай, сонирхолтой байсан. Сургууль, цэцэрлэгийн урлагийн үлэгт их оролцдог байлаа. Гэхдээ багадаа тусгайлан бүжгийн спортоор хичээллэж байгаагүй. Арван жилд байхдаа сургуулийнхаа бүжгийн дугуйлан руу хэд хэдэн удаа орохоор зорьж байсан ч тухайн үед яагаад ч юм боломж, цаг хугацаа нь бүрдээгүй юм.

-Өөрийгөө бүжигт авъяастай гэж бодож, “би болох юм байна шүү” гэсэн мэдрэмж авсан үе нь хэзээ байсан бэ?

-СУИС-д орохдоо тэнцэнэ гэж огт бодож байгаагүй. Болох юм байна гэж бодож, итгэл, урам зориг авсан үе нь гэвэл хоёрдугаар курст орох үед юм байна. Түүнээс өмнө нь “Би сонирхлоороо л ороод ирсэн. Гэтэл бусад хүүхдүүд бүр багаасаа бүжгийн спортоор хичээллэсэн байгаа. Би жаахнаасаа биш болохоор яах бол” гэж их эргэлзэж байсан ч хоёрдугаар курсээсээ эхлээд итгэл орсон. “Moon dance” клуб дээр очихдоо ч хоёрдугаар курсын оюутан байсан хэрнээ дөрөвдүгээр курсийнхээ эгч нарыг дагааад орж байлаа.

-Хэдий гоё, сайхан мэргэжил ч гэлээ бүжгээр дагнаж яваад орлого олж, амьдаралаа авч явах боломж бага гэж хүмүүс боддог байх л даа. Ер нь Монголд бүжгийн зах зээл нь хэр вэ. Бүжгээр дагнаад, амьдралаа залгуулах боломж байдаг уу?

-Анх намайг энэ мэргэжлийг сонгож байхад манай гэрийнхэн ч яг тэгж хэлж байсан. “Бүжгээр хичээллээд, хоолоо олж идэх хэр боломжтой билээ, зах зээл нь ямар билээ. Тийм болохоор бүжгээр мэргэших хэрэг байна уу” гэж гэрийнхэн маань зөвлөж байсан. Би ч тухайн үед бүжигчин мэргэжлээр төгсөөд яаж ажилладаг юм бол гэж их боддог байлаа. Тухайн үед энд тэндхийн чуулгуудад очиж бүжигчнээр ажиллах болох юм байна гэж бодсон. Харин өөрийн мэргэжлээс гадна бүжгийн спортоор давхар хчиээллэж эхэлснээс хойш “ер нь өөрийн гэсэн бүжгийн студитэй болж болох юм байна. Түүгээрээ дамжуулаад олон төрлөөр хүүхэд, залуус, насанд хүрэгчдчийг хичээллүүлээд түүнээсээ орлого олж амьдарч болох юм байна” гэж урамшиж, сургуулиа төгсөөд гоё бүжгийн студитэй болно гэж мөрөөдөж эхэлсэн дээ.

-Бас л их хичээл зүтгэл, биеийн болоод сэтгэлийн хатуужил шаарддаг урлаг юм шиг санагддаг. Учир нь бүжгийн спорт бол биеэр үзүүлдэг урлаг. Хэцүү, шантрамаар үе байсан уу?

-Маш их цаг зарцуулдаг. Биеийн хэлэмжээрээ ихийг харуулдаг учраас тэр. Бас мэргэжлийн онцлогоос шалтгаалаад байнгын форумтай байх, бэлтгэлтэй байх зэргээр тогтмол цагийг биднээс шаарддаг.

Жишээлбэл бид хөдөлгөөнөө зогсоолоо гэхэд форум алдагдах эрдэл үүсдэг. Түүнээс шалтгаалаад угаас тасралтгүй хөдөлгөөнтэй байх шаардлагатай. СУИС-д анх сурдаг байхад ч өглөө 7-оос эхлээд орой хүртэл олон цагаар бэлтгэл хийдэг байснаар ачаалал даах чадвар сайжирсан. Түүнээс гадна “Moon dance” клубынхан маань 10 жил тасралтгүй дэлхийн аваргад явж байгаа. Тэмцээндээ явахдаа найман сараас эхлээд 12 сарыг дуустал бүтэн дөрвөн сарын хугацаанд маш олон цагаар бэлтгэл хийдэг. Тэр маань ч бид нарт ачаалал даах чадвартай болгож сургасан юм шиг санагддаг. Бид бэлтгэлийнхээ хажуугаар ажлаа хийгээд явахад ядрах зүйл маш их. Ядрах болон шантрах зүйлс цаг хугацааны явцад зөндөө байсан. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор яалт ч үгүй “угаасаа л би үүний давж гарах ёстой, давж гарч байж маш сайн бүжигчин болно” гэдэг урам зориг, итгэлтэйгээр л өдийг хүртэл явсан байна.

-Саяхан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүэлгт оролцсон. Ер нь энэ шоуныхан мэргэжлийн бүжигчдээ хэрхэн сонгодог юм бэ. Ихэнх нь “Moon dance” хамтлагийн бүжигчид байгаа харагдсан. Танай хамтлагт санал тавьсан юм уу?

-Ододтой бүжиглэе шоу нь дэлхийн шоу. Цаанаас нь BBC продакшны өгсөн зөвлөмж зааврын дагуу явдаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө анхны улирал нь зохион байгуулагдаж байсан. Тухайн үед бүжгийн спортоор хичээллэдэг 300 гаруй бүжигчин шалгаруултанд орсон. Ийнхүү бүх бүжигчнийг шалгаруулалтааар сонгож байсан гэсэн үг. Түүнээс биш манай багтай хамтрах санал огт тавиагүй. Одоо байгаа бүжигчдийг бүгдийг нь тэр сонгон шалгаруулалтаас сонгосон. Арай олон бүжигчин манай клубээс орсон ч гэсэн сонгон шалгаруулалтынхаа дагуу л шалгарсан.

Бас бүжгээр дагнан ажилладаг биднийг илүү их үйлчлүүлэгчтэй болгож, маш олон хүнд таниулж өгсөн шоу. Тийм болохоор биднээр бүжиг заалгах гэж ирэх хүмүүс их болсон.

-Өөрийн чинь хувьд шоуны хоёр улиралд хоёр тэс өөр хамтрагчтай таарав уу гэж харсан. Эхний улирал дээр дуучин Д.Намсрайноров байсан бол хоёр дахь улирлын хамтрагч нь Э.Одбаяр байсан. Хүмүүс бас Д.Намсрайноровыг бүжиглүүлж чадаж байгаа юм чинь хэнийг ч бүжиглүүлж чадна биз дээ гэж байсан. Ер нь хоёр улирал, хоёр партнер нь ямар ялгаатай байв?

-Д.Намсрайноровыг бүжиглүүлж чадаж байгаа юм чинь намайг ч бүжиглүүлж чадна биз дээ гэж ирсэн хүмүүс их байсан. Д.Намсрайноров ах маань их хичээнгүй, дасгал хөдөлгөөн хийхдээ үгнээс гарахгүй дагаж хийнэ. Тэр нь ч намайг сайн багш гэж дуудуулах эхлэл болсон болов уу гэж талархдаг. Энэ жил Э.Одбаярын хувьд эвсэл сайтай оролцогч байлаа. Эхний дугаараас эхлээд 13 дахь дугаарыг дуустал дандаа л маш сайн байсан. Д.Намсрайноров ах дээр заах арга зүйгээ илүү сайн гаргаж үзүүлсэн бол сүүлд хамтарсан Э.Одбаяртай бүжиглэхдээ өөрийнхөө ур чадварыг илүү гаргаж чадсан байх гэж бодож байгаа. Жил болгон солигдож байгаа партнерүүд маань өөр өөр хүмүүс байдаг болохоор мэргэжлийн бүжигчид бид нарт ч их шалгуур болдог доо.

-Шоунд маш олон хүмүүс Э.Одбаяр та хоёрыг түрүүлэх байсан гэж хэлж байсан. Түрүүлж чадаагүйдээ харамссан зүйл байгаа юу?

-Шоу эхлэх үеэс эхлээд л “энэ хоёр түрүүлнэ” гээд л ойр дотны хүмүүс маань ч “та хоёр түрүүлнэ, бооцоо тавьчихсан байгаа шүү” гэх мэт зүйлсийг хэлж байсан. Шоунынхаа 13 дугаарын турш л үзүүлж чадах бүх зүйлээ маш сайн харуулсан болов уу гэж бодож байна. Үзэгчдийн санал чухал байсан учраас шоуны маань үр дүн түүгээр гарсан. Бид хоёрын хувьд түрүүлнэ гэсэн айхтар том итгэл байгаагүй. Саналаар явж байгаа учраас хоёулаа чадлаараа л сайн байлаа гэж ярьж байгаад л эцсийн хариугаа сонссон. Их хүлээлт тавьчихвал сэтгэлээр унах болов уу гэж бодоод аль болох тавихгүй байхыг хичээсэн.

Хүмүүс ч маш их урам зориг өгч байгаа. Та хоёр түрүүлэх байсан юм гэдэг зүйлийг их хэлсэн. Гэхдээ бид хоёрын хувьд харамссан, сэтгэлээр унасан зүйл огт байхгүй, тайван байгаа.

-Мөн үзэгчид та бүхэнд долоо хоног бүр дүн тавина. Бас мэргэжлийн бус, бүжиглэж байгаагүй хүмүүст хичээл заана гэдэг утгаараа мэргэжлийн бүжигчдэд их шалгуур болов уу гэж харлаа?

-Тийм. Э.Одбаярын хувьд үзэгчид маш их зүйлийг түүнээс хүлээж байсан. Бид хоёр ч энэ долоо хоногийг нэг ингэсгээд өнгөрөөчихье гэсэн зүйл огт байгаагүй. Хүмүүс бид хоёрт маш их итгэл найдвар өгч байсан учраас долоо хоног бүр хамгийн сайнаараа хичээж байсан. Тийм ч болохоор, хүмүүс их юм хүлээж байсан ч гэсэн бид хоёр сайн байж чадсан гэж итгэлтэйгээр хэлмээр байна.

-Хамтрагчтайгаа шоуны туршид хэр их хэрэлдэж муудалцсан бэ?

-Хэрэлдэж, муудалцсан. Цаанаас ирж байгаа өгөгдөл, бүжиг, зохиолууд нь сэтгэлд хүрэхгүй ч юм уу, хүлээлтээс өөрөөр ирэх зүйл байна. Партнэрийн маань хувьд ч өмнө нь ийм олон цагаар бүжиглэж үзээгүй учраас сүүлийн нэг сар бүх оролцогчид их ядарсан байх гэж анзаарсан. Түүнээсээ шалтгаалаад хоорондоо зөрчилдөх үе их байсан. Гэхдээ манай Э.Одбаярын хувьд их эерэг, харьцахад амар байсан. Тэр байдал нь бид хоёрыг учиргүй их муудалцуулаагүй.

-Танаас иог болон бусад бүжгийн хичээл заадаг хүний хувьд бүжгийн спортын биед болоод хүний сэтгэл санаанд үзүүлэх сайн талын нөлөөллийг асуумаар байна?

-Бүжиг бүжиглэх нь нэг төрлийн бясалгал буюу тухайн цаг мөчид өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нэг хэлбэр, тархиа амраах нэг хувилбар гэсэн үг. Учир нь 30 минутын турш бүжиг бүжиглэвэл зөвхөн өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ. Илүү асуудлууд бодохгүй, зөвхөн өөр дээрээ болон өөрийнхөө хөдөлгөөнд анхаардаг учраас тархи их амардаг. Тэгэхээр бүжиг маань маш гоё тайвшрал, кайфыг мэдрүүлдэг. Бүжиглэвэл нэг их хүлээлт үүсгэхгүйгээр ганц хоёр удаагийн бэлтгэлд суугаад үзвэл яагаад ийм гоё байдгийг нь илүү ойлгох байх.