Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдад зүтгүүлж, заалнаас Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж байж магадгүй байна

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдад зүтгүүлж, заалнаас Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж байж магадгүй байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.06/ 11.00 цагт хуралдана. Харин Бага хурлаа ирэх даваа гарагт /2025.06.09/ хийхээр товлосон байна. Өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна гэх мэдээлэл байсан ч тэгэхгүй зөвхөн "Бага хурлын тов"-оо зарлаад тарж магадгүй байна. Учир нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг нэг мөр Бага хурлаараа тодруулж, баталгаажуулъя гэх хувилбарыг ярьж байна. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ӨӨРӨӨ УИХ-ЫН ДАРГА БОЛОХ ТОХИРООГ ЯРЬЖ ЯВНА-

Угтаа бол өчигдөр, урьжигдар хуралдуулах байсан ч Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийн хурлаа зарлахгүй цаг алдаж, гишүүдийнхээ дунд хүлээлт үүсгэж, араар нь Ерөнхий сайдад өөрийнхөө хүнийг томилуулах тохироог хийх гэж зүтгэснээс болж удсан гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдын албан тушаалд өөрийн "авга ах" Хотын дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн нь бодитой байгаа юм. Гэхдээ өчигдөр Х.Нямбаатарын нэрийг албан ёсоор татсан бөгөөд оронд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг зүтгүүлж, өөрөө УИХ-ын дарга болох хувилбарыг ч хөшигний ард хийж байна. Энэ хувилбар явахгүй бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэвшүүлье гэжээ. Энэ бол тэдний ярьж буй тохироо. 

-С.БЯМБАЦОГТ, Г.ЗАНДАНШАТАР, Ж.ЭНХБАЯР НАР БИЕ, БИЕНЭЭ ДЭМЖИЖ НЭГИЙГЭЭ НЭР ДЭВШҮҮЛНЭ-

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд дараагийн Ерөнхий сайдыг 70-аад оны төлөөллийг дэмжинэ гэж байгаа. Үе алгасаж Ерөнхий сайд томилох нь бүх талаар учир дутагдалтайг Л.Оюун-Эрдэнэ харуулсан хэмээн дүгнэжээ. Тиймээс энэ удаа парламентад хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажилласан туршлагатай, 1970 оны төлөөллөөс Ерөнхий сайдыг сонгоно гэсэн байна. Дээрх шалгуурт нийцэж буй маш цөөн хүн энэ удаагийн парламентад бий. Өнгөрсөн өдрүүдэд хэвлэлүүд прогнозоороо олон хүний нэрийг мэдээлсэн. Гэхдээ эцэст нь 70-аад оны төлөөлөл болох ГУРВАН хүнээс л сонгож нэгийг нь нэр дэвшүүлэх нь бодитой юм.  

Тодруулбал,  Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр. Тэд ярилцаж байгаад нэгийгээ дэмжинэ, гэхдээ ЕТГ-ын дарга Г.Занданшатарт илүү боломж олдож магадгүй юм. 

Өнгөрсөн хугацаанд МАН-ын гишүүн 1970 оныхонд хүрд эргүүлэх боломж байгаагүй, тэднийг алгассан. Тэгэхээр тэд энэ удаа "эвтэй байж" эрх мэдлээ өөрсдөө авахаар ажиллаж байна. Гол нь тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин нөгөө талд тэдэнтэй МАН-ын 1980 оныхон үзэлцэж байна. Эцэстээ энэ нь үе хоорондын тулаан бөгөөд дээд, доод үеийн хэн нь ялах нь Бага хурлын үеэр тодорхой болох нь.