“Playtime" фестиваль нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгох тооцоолол гарчээ

“Playtime" фестиваль нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгох тооцоолол гарчээ

Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн наадмын нэг болох  зорилготой “Playtime фестиваль 2025” ирэх сарын 3-6-нд “Playtime” хүрээлэнд болно.

23 дахь жилдээ зохион байгуулах эл наадмаар 3000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран дөрвөн өдрийн турш 100 мянган үзэгч хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд үр дүнд нь нийслэлийн эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгохоор тооцоолсон байна.

Энэ жилийн наадмын талаар “Playtime”-ын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж “Шинээр чухал хоёр технологийг нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Энэ нь тасалбарын QR код болон бугуйвчаараа төлбөр тооцоогоо хийх кэйшлесс технологи юм. Ингэснээр бол маш олон давуу тал бий болно. Ялангуяа үзэгчдийн аюулгүй байдлыг сайтар хангана. Наадмын тасалбарыг хуурамчаар үйлдэж борлуулах нийтлэг асуудал тулгардаг. Энэ технологийг нэвтрүүлснээр үзэгчдийг хохироохгүй байх маш чухал алхам болно. Бугуйвчаараа төлбөр төлөх нь урт дараалалд удаан хүлээхгүй байхаас гадна бэлэн мөнгө, төлбөрийн картаа хаяж гээхгүй байх давуу талтай. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийг шинэчиллээ. Мөн майхан барих талбайг үнэ төлбөргүй болгосон нь давуу тал. Залуучууд Улаанбаатар хот руу яваад буцаж ирэх гэсээр 100 км замыг туулах болдог. Тиймээс 100 км зам туулахын оронд дулаан хувцаслаж ирээд тухтай байх боломж бүрдэж байна. Ингээд жинхэнэ утгаар нь кемпинг фестивалийг мэдэрцгээе гэсэн бодлоготойгоор энэ жил ажиллаж байгаа юм. Ирсэн хүн бүрд урьд өмнө нь авч байгаагүй хөгжмийн мэдрэмжийг өгөх болно” гэв.