Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2025.06.12/ өглөө эхэлсэн бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг маргааш танилцуулна гэдгийг албаныхан мэдээлэв.
Өнөөдрийн хурлаар ахмад настнуудын дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөх эсэхийг хэлэлцэнэ гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдсэн билээ. Ташрамд сонирхуулахад Монголбанкнаас мэдээлэхдээ нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй ба эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж байна. Энэ мөнгө тэдний амьжиргаанд хаанаа ч хүрэлцдэггүй. Мөн тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлж байсан юм.