Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.
Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан. Харин 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци зохион байгуулж байна.
Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулсаар байгаа юм. Ташрамд, наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 13-ны 19:30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.