Шүүмжлэл дагуулсан "хогийн цэгээ" Хотын дарга С.Амарсайхан биечлэн "эргэв"

Шүүмжлэл дагуулсан "хогийн цэгээ" Хотын дарга С.Амарсайхан биечлэн "эргэв"

-С.АМАРСАЙХАН: ОРЧИН ТОЙРНЫГ ЦЭВЭРЛЭЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛ-

Хотын гудамж хогондоо дарагдаж, халдварт өвчин тархах нөхцөл байдлыг үүсгэсэн тухай иргэдийн шүүмжлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиол орчинд өрнөсөн. 

Иргэд Хотын дарга С.Амарсайханыг хогоо ач хэмээн бухимдаж байсан юм. 

Тэгвэл Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа тус хогийн цэг дээр очиж ажилласан байна. 

Сошиол орчинд шүүмжлэл өрнүүлэх нь манай дарга нарыг чихийг зөөллөж, гар, хөлийг хурдлуулдаг нэг сайн талтайн жишээ энэ болов. 

Хотын дарга С.Амарсайханыг хогийн цэг дээр ажиллах үеэр тус хорооны иргэн М.Батбаатар “Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэдгийг Хотын захирагчид хэлэв.

Харин Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин “Хог хаягдлыг хорооноос ачдаг. Ачилт хийсэн боловч хөлдүүс нь бүрэн автахгүй байна. 10 байрны олон айлууд энд хог, үнс болон бусад хогоо ил задгүй хаясаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээг авч байгаа боловч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Энд байгаа 00-ыг шууд буулгах боломжгүй байсан учраас холбогдох газар хүсэлт гаргасан” хэмээн ярилаа.

Эцэст нь Хотын Захирагч С.Амарсайхан “Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой” гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө. Мөн оршин суугчдад хандан “Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.

Ингэснээр олон жил болсон хогийн цэгийн асуудал шийдэгдэв. 




Өнөөдөр үхэр өдөр

59 минутын өмнө