ФОТО:“Улаанбаатар Зоо-Аквариум” хүрээлэн санхүүгийн хүндрэлд орж хаалгаа барихад хүрчээ

ФОТО:“Улаанбаатар Зоо-Аквариум” хүрээлэн санхүүгийн хүндрэлд орж хаалгаа барихад хүрчээ

Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг цор ганц амьтны хүрээлэн буюу “Улаанбаатар Зоо & Аквариум” хөл хорионы улмаас санхүүгийн хүндрэлд орж үүд хаалгаа барихад хүрсэн байна. 

-ИРГЭДИЙН ШҮҮМЖЛЭЛЭЭС БОЛЖ ХАНДИВЫН АЯНЫГ ЗОГСООЖЭЭ-

Тус байгууллагын зүгээс амьтны хүрээлэнгээ хаахгүйн тулд олон нийтээс хандив тусламж хүссэн ч зарим иргэдийн шүүмжлэл, эсэргүүцлээс болж зогсоосон байна.

“Улаанбаатар Зоо & Аквариум” нь коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд  өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд иргэдийг хүлээн аваагүй байна.

Эхний хоёр сарын хугацаанд хүрээлэнгийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, амьтдын хоол тэжээл, ажилчдын цалин хөлс, ашиглалтын зардлаа зохицуулж ирсэн ч энэ сарын дунд үеэс нөхцөл байдал хүндэрч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ.

Амьтад нэг сард 12 сая гаруй төгрөгийн хоол, тэжээл хэрэглэдэг гэж тус байгууллагын зүгээс мэдэгдлээ. Харин цахилгаан, дулаан, усны төлбөрт сар бүр 10 орчим сая төгрөгийг төлдөг байна.

Нэгэнт санхүүгийн хүндрэлд орсон тул цахилгаан, дулаан, усны төлбөр төлөх хугацаах хойшлуулж өгөх хүсэлтийг холбогдох байгууллагуудад өгсөн ч татгалзсан хариуг хэд, хэдэн удаа авчээ. Гэхдээ удаан хөөцөлдсөний эцэст цахилгаанаа таслуулахгүй байхаар тохиролцож чадсан байна.

Харин түрээсийн төлбөрийн тухайд түрээслэгчийнх нь зүгээс төлбөрийг тэглэсэн байна.

“Улаанбаатар Зоо & Аквариум”-ын хамт олон банкнаас зээл хөөцөлдөж буй бөгөөд уг зээлийн мөнгөөрөө бүх өрөө дараад хөл, хориог цуцалсан даруйд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа аж. Гэхдээ халдварын тархалтаас сэргийлж хүмүүс ойрын гурван сардаа хүрээлэнгээр нь ирэхгүй байх магадлалтай тул нэг мөр үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг ч гаргаж магадгүй гэнэ. Тус байгууллагын зүгээс хөл, хориотой байгаа ч тогтмол хугацаанд мал эмнэлгээ дуудаж, амьтдаа вакцинд нь хамруулж үзлэгт оруулж байгаа аж. Халдваргүйжүүлэлтээ ч цаг тухайд нь хийж, хүрээлэн дотроо амьтан маллагч, тэжээгч, асрагчдыг ажилуулж байгаа юм байна.

Ямартай ч маш сайн бодож байж үйл ажиллагаагаа зогсоох эсэхээ шийдвэрлэх аж.

-Б.ОРГИЛ: 200 ГАРУЙ АМЬТАН АМЬДРАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛООД БАЙНА-

“Улаанбаатар Зоо & Аквариум”амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргил энэ сарын 18-ны өдөр хүрээлэнгийнхээ албан ёсны пэйжид “Дулаан, цахилгаан, ус тасарвал манай амьтны хүрээлэнд маш том эрсдэл үүсэж 40 гаруй нэр төрлийн загас, 20 гаруй нэр төрлийн далайн амьтад, 20 орчим төрлийн хэвлээр явагч амьтан, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй нэр төрлийн амьтад, нийт 200 гаруй амьтан амьдрах нөхцөлгүй болно” гэж бичсэн байв.