УОК: IV сарын 2,3-ны өдрүүдэд Сөүл, Токиогоос бүртгүүлсэн иргэдийг авчирна

УОК: IV сарын 2,3-ны өдрүүдэд Сөүл, Токиогоос бүртгүүлсэн иргэдийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Одоогоор манай улсад 2516 иргэн тусгаарлалтад орсон байна. Сүүлийн тав хоногийн байдлаар 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан. Эдгээр иргэн гэрээр дэглэм сахих ёстой гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Иргэд баталгааны хуудас дээр гарын үсэг зурсан ч зөрчиж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн иргэн гэртээ тусгаарлалтад байх ёстой байтал хоёр, гурван хоног архидан согтуурч гадуур яван дэглэмийг зөрчсөн. Магадгүй нууц үе дээрээ явж байгаад олон нийтэд халдвар тараах эрсдэл үүсгэж болзошгүй шүү дээ. Тиймээс дэглэм зөрчсөн иргэдэд хатуу арга хэмжээ авна гэдгийг санах хэрэгтэй.

Мөн цаг агаар дулаарч байгаа тул иргэд бөөнөөрөө цуглах, олон нийтийн газраар явах нь ихсэж байна. Жишээ нь Баянгол дүүргийн “Гэгээ цагаан” клубт 200 гаруй хүнийг хамарсан нийтийн бүжиг зохион байгуулсан хэрэг гарсан. Тиймээс иргэдийг хөл хорионы дэглэмийг сахин өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна ”гэлээ.

Түүнчлэн цаашид гадаадад байгаа иргэдийг  авч ирэх үйл ажиллагаа үргэлжлэх тул тусгаарлах байрыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа тул Нийслэлээс томоохон буудлуудад санал хүргүүлсэн талаар мэдэгдлээ.

Токиогоос ирэх бүртгүүлсэн хүн 700 гарсан тул бүртгэлээ хаасан 

Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "ГХЯ улс орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийг тодорхой шаардлагын дагуу бүртгэж авч ирсэн. Дөрөвдүгээр сарын 2,3 нд Сөүл, Токиогоос өмнө нь бүртгүүлсэн иргэдийг авч ирнэ. Иргэн шийдвэрээ өөрчилсөн тохиолдолд бүртгэлийн дагуу дараагийн иргэдийг нислэгт оруулж байгаа. Одоо Токиогоос ирэх бүртгүүлсэн хүн 700 гарсан тул бүртгэлээ хаасан байгаа. Гадаадад байгаа иргэд цахимаар болон утсаар консулын газартай холбогдохыг зөвлөж байна. Иргэдээс ирж буй саналыг бүгдийг хүлээн авч бүртгэж байгаа” гэлээ.